Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурдлыг тодруулна.

Энэ хий хямрахад илэрдэг хамгийн гол зовуурь нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчирах, ээрнэ, хоолой гарахаа болино.
Нүүр, ам мурийна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог.

Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсож байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг.
Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.

Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна.
Түрхэн зуурт үхэтхийн унана. Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна. Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначхаад босож ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан.

Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.
Уламжлалт анагаах ухааны гол онолд хүний бие нь хорлогдохуун махбод болох 5 хий, 5 шар, 5 бадган, хорлогч долоон тамир, 3 хирээс үүснэ гэж үздэг. Эдгээр нь тэнцвэртэй оршиж байж хүний бие эрүүл байдаг. Тэр таван хийний нэг нь амь баригч хий буюу бидний хэлж сурсанаар голын хий юм. Энэхүү хий, шар, бадган нь тус тусдаа орших оронтой бөгөөд өөрийн “хариуцсан” хийх үйлдлийг /үүрэг/ гүйцэтгэж байдаг.

Яагаад үүсдэг вэ? Амь баригч хий хямрах шалтгаан нь ширүүн чанартай идээг удаан хугацаанд идсэн, юм идэлгүй өлссөн /хатуу мацаг, зарим тураах хоолны дэглэм/, оюуны болон биеийн хувь их ачаалалтай ажилласан, өтгөн шингэнээ хүчээр хаасан, эсвэл гарахгүй байхад хүчээр дүлэх зэрэгт үүснэ. Энэхүү амь баригч хий хямрах нь бусад хийг давхар хямраах эрсдэл үүсгэдэг.
Амь баригч хий хямарсаны шинж нь толгой эргэх, зүрх долгисох, амьсгал авахад бэрх, идээ, унд залгиж чадахгүй болно.

Дээш гүйгч хий хямрах шалтгаан нь зогисох, бөөлжихийг хүчээр хаасан, хэт удаан уйлсан, инээсэн, даахгүй хүнд ачааг өргөсөн. Түүний шинж нь хэлгийрнэ, ярихад бэрх, биеийн хүч бага, ам муруйна, дурдал доройтоно.
Түгээгч хий хямрах шалтгаан нь явдал нь ихсэх, чийгтэй хүйтэнд удаан суух, наадам, цэнгээн тэргүйтэй биеийн үйлийг хэтрүүлэх, адын нөхцөлөөр ихэд айх, эсвэл санаа зовох, ширүүн чанартай идээ идсэнээр хямрах болно. Түүний шинж нь зүрх орчмоор зангирч өвдөнө, дурьдал доройтох мэт унаж татах, ухаан алдах, их ярих, сэтгэлдээ явахыг хүснэ, айж, эмээх хэрэггүй үгийг сонссоноор хөдлөнө.

Гал тэгшитгэгч хий нь шингэхэд бэрх идээ идсэн, өдөр унтахаар хямардаг. Түүний шинж нь ходоод хүйтэн, хоолны дуршилгүй, бөөлжинө, идээ шингэхгүй, хийн гүйх мөр хаагдсанаар, хэвлийн цус холилдоно.
Уруу арилгагч хий нь баас, шээс, унгас, дуслыг хүчээр хааж, хүчээр шахсанаар хямарна. Түүний шинж нь нүд шархирна, үе гишүү суларна, доголно, амьсгал давчдаж, шээс хаагдана.
Хий шартай хавсарвал халуун үүснэ, нулимж шарлана. Бадган өвчинтэй хавсарвал бие хүндэрнэ, даарна, будангуйрах шинж тэмдэг илэрдэг.

Эмчилгээ: УАУ-нд аливаа өвчний эм, засал, идээ, явдал мөрөөр эмчлэн анагаадаг. Хий өвчний үед тослог, шимтэй, шингэхэд хялбар хоол хүнсийг /борц, бурам, цагаан гаа, сонгино, сармис, сүү гэх мэт/ өргөн хэрэглэж, даарахгүй дулаан хувцас өмсөж, сэтгэлд тааламжтай найз, нөхөдтэйгөө уулзана.
Эмчийн үзлэгт хамрагдаад эмчийн зааврын дагуу хийг амирлуулах эм танг ууж тосон бариа, төөнүүр, халуун жин, зөөлөн шимт зэрэг эмчилгээг хийлгэвэл үр дүн сайн байдаг. Урьдчилан сэргийлэх: УАУ-нд өвчнөөс сэргийлэхдээ жилийн дөрвөн улиралдаа хоол ундыг тохируулан хэрэглэж, улиралдаа зохицуулан хувцаслаж, эмчийн заавар зөвлөгөөгөөр тухайн улирал болон өөрт тохирсон эм тан ууж, улиралдаа тохирсон арилгах үйлүүдийг /цэвэрлэгээ/ хийлгэвэл эрүүл урт наслах болно гэж үздэг. Хийн өвчинд тусгайлан зөөлөн шимт эмчилгээг хийдэг
