Categories
Uncategorized

Хаврын улиралд ядрахгүй, өвдөхгүй байхын тулд идээ унд, явдал мөрөө зөв байлгах хэрэгтэй. Хаврын улиралд хоол ундаа хэрхэн зохицуулан хэрэглэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Уламжлалт анагаах ухаанд хамгийн чухал нь цаг улиралтай тохируулан хоол унд, явдал мөрөө зохицуулах байдаг шүү дээ. Хаврын улирлын идээ унд, явдал мөрийн талаар зөвлөхгүй юу?

Бадган аривддаг учир ширүүн, илчлэг, бүлээн, хөнгөн чанартай хоол хэрэглэж, хоолны хэмжээг багасгана. Хоолныхоо хэмжээг багасгана гэдэг нь идэхгүй байх, өлсөөд яваад байна гэсэн үг биш юм.

Хүний ходоодны хэмжээ нь өөрийнх нь хоёр алгыг нийлүүлж тоссон хэмжээтэй байдаг. Үүний дөрөвний гуравт нь хоол, ундаа тохируулан хэрэглэж, шингээх үйлдлийг сайн явуулахын тухайд дөрөвний нэгийг хоосон байхаар тооцно.

Өвлийн улиралд ходоодны галын илч сайн байх үед чанасан мах, өөх тостой хоол ихээр хэрэглэж байсан бол хавар хүнд хоол, өөх тосны хэрэглээг багасгах нь зүйтэй. Цагаан гааг усанд буцалгаж, эсвэл буцалсан усанд дэвтээгээд уувал бадганыг дарж, хийн бэлгэ чанарыг тэгшитгэнэ.

Мөн буцалсан усанд зөгийн бал хутгаж ууж болно. Харин ногоон цай, хар цай, липтон цай зэрэг сэрүүн чадалтай цайг энэ улиралд хэрэглэх нь зохисгүй. Мөн түүхий, хүйтэн сүү хэрэглэж болохгүй.

Явдал мөрийн хувьд бадган арвидаж байгаа учраас явган алхах, сунаж мөргөх зэргээр зохистой дасгал хөдөлгөөнийг өдөр бүр тогтмол идэвхитэй хийгээрэй. Мөн шөнө унтах цагаараа сайн унтаж амраад, өдөр унтахгүй байх хэрэгтэй. Өдөр унтах заалттай хүмүүс буюу хүүхэд, хөхүүл эмэгтэй, хүнд өвчтэй хүн, ахмад настнуудаас бусад нь өдөр унтаж болохгүй.

Өдөр унтвал бадган аривдана, хавдана, таргална. Бадган ихэсвэл ой тогтоолт муудах, нозоорох, залхуурах, бие хүндрэх, сэтгэл хүндрэх, ажил үйл хийхэд дургүй болох, хоолны шингэлт муудах, таргалах, нус цэр ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Тиймээс бие, хэл, сэтгэлийн зохистой үйлийг идэвхи чармайлттай хийх хэрэгтэй.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

Монголчууд эрс тэс цаг уурын нөхцөлд хоол хүнсээ танин мэдэхүйн нарийн үндэстэй зохицуулж ирсэн сайхан уламжлалтай.

Хаврын улиралд хүний бадгана их арвиддаг, хүйтэн чанартай зүйл хөдөлдөг тул түүний эсрэг үйлчилгээтэй шар идээ болох шар тос, уураг, будаатай цай мэтийн хоол ундааг зохицуулан хэрэглэж, ялангуяа хаврын тарчиг цагт мах, өөх, тослогийн зүйл, өрөм, ааруул зэргийг арай түлхүү хэрэглэн аарцтай хар шөл, шар тосоор зуурсан арвайн гурил, сармистай хоол, хийцэлсэн цай, зөгийн бал тэргүүтнээр хооллон, аажуу тайван явганаар явах, агаар салхинд зугаалахыг эрхэмлэхийг чухалд үзэж байжээ.

Хавар цагийн уламжлалт зарим хоолны жор

Шар тостой хайлмаг

Хайлсан шар тосонд нухсан аарц, гурил үрж сайтар хутгаж буцалган хайлмаг хийнэ. Мөн чанасан төмс, манжингийн нухаштай хольж хийнэ.

Аяган хиам

Жор: мах, гурилан зуурмаг, булцуут сонгино, сармис, ус, чинжүү болон бусад амт оруулагч

– Малын хонго, тойг, нурууны махнаас авч нимгэн хярж хөшиглөнө.

– Хэрэв дотор махаар хийх бол голдуу бөөр, зүрх, хужирхай, цөвдөл махыг хэрэглэнэ. Түүнчлэн малын толгойн зөөлөн махаар ч хийж болно.

– Хөшиглөсөн махаа шаазан аяганд хийж багавтар ус нэмээд хэрчсэн сонгино, саримс, чинжүү, давсаар амт тохируулж элдсэн гурилаар амсрыг битүүлэн хучиж буузны жигнүүрт 20-25 минут жигнэж болгоно.

Бяслагтай хуурга

Жор: мах, монгол бяслаг, төмс, шар лууван, булцуут сонгино, ногоон сонгино, гурил, ногоо хуурах тос, шөл, амт оруулагч

– Лууван, сонгиныг хярж тосонд хуурна. Үүн дээрээ нимгэн далбагар хэрчсэн махаа хийж үргэлжлүүлэн хуурна.

– Төмсийг нимгэн хэрчээд тосонд шарж болгоно.

– Хуурсан махаа шөлөөр шингэлсэн гурилаар сүмсэлж амт оруулагч нэмээд үргэлжлүүлэн жигнэнэ.

– Болохоос өмнөхөн шарсан төмс, дэвтээгээд нимгэн хавтгай хэрчсэн бяслаг нэмж зөөлөн хутгаад халуунаар нь таваглана.

Чацаргана, зөгийн балтай шүүс

Чацарганы гурван аяга (стакан) цэвэр шүүсэн дээр нэг аяга буцалсан усанд найруулсан 50 грамм зөгийн бал нэмж сайтар хутгаад халуунаар нь ариутгаж савлаад хөргөөж бага багаар хэрэглэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *