Далай багш: “Би өдөр бүр бясалгаж үхэлд бэлддэг. Гадаад бие, дотоод ухаан хоёр хэдий тусдаа боловч бясалгалын гүнзгий түвшинд очих хүртэл бие, сэтгэл тусдаа гэдгийг бид ялгаж чаддаггүй. Бясалгал гүнзгийрсээр гүнзгийрсээр гэгээн гэрлийн мөн чанартай уг суурь сэтгэл л болно.

Би хошигнон хэлдэг юм: Би 24 цагт 7 удаа төрөх, үхэх мэдрэмжийг мэдэрдэг гэж. Жинхэнэ үхэлтэй тулах үед бясалгалын энэ туршлага маш их ач тус болох болно.”
Далай багшийн энэ чадвар бол ёс суртахууныг ариунаар сахиж, судар номонд айлдсан гэгээрэх зам мөрд гүн ухааны үүднээс суралцаж дадлагажсаны үр дүн юм.

Хүний амьдралд үхэл мөнх бус гэдэг хэзээ ирэх нь таашгүй учир гаднаас харгалзах зуурдын жаргал буюу нэгэн зовлон өөр нэг зовлонгийн эхлэл болж солигдон буй үеийн таашаал мэдрэмжинд өөрийгөө алдан шуналгүй ашдын бөгөөд машид бат амар амгалангийн үндэс болох дотоод сэтгэлийн эрхэм ариун чанарыг төгөлдөржүүлэх нь нэн чухал.

Иймээс сэтгэлийн муу чанарууд болох шунал, уур, омог, атаа болоод тэдгээрийн уг үндэс эзэн би -д барьсан, амин хувиа хичээсэн, өөрийгөө энхрийлсэн мунхаг сэтгэл ба түүний шууд нөлөөнд бий болох элдэв атхаг, сэжиг, хардалтыг зовлонгийн үндэс хэмээн үзээд энэрэл, нигүүлсэл, бодийн сэтгэлийг бясалгана.

Бүхий л юмс шүтэн барилдаж бүтэж буй учир оршихуйн өөрийн мөн чанаргүй, хоосон чанартайн ухааныг гүнзгий судлан суралцаж, тэдгээр эрдэмийг Амирлан оршихуй (сэтгэл тогтуун төвлөрөл сайтай болох), Үлэмж үзэхүй (юмсын учрыг шинжлэх) энэ хоёр төрлийн бясалгалын эрдэмтэй хослуулан дээрх сөрөг муу оюуны хүчийг мохоон ертөнцийн жаргал, зовлонгийн алинд ч хөл алдахгүй оюуны бат хүчийг олдог байна.

Нууц тарнийн авшиг увдис дамжлагыг хүртэн сурч эзэмшсэн эрдэмүүд дээр нэмэлт болгож биеийн шим дусал, хийн зангилааг бясалгалаар тайлан муу сэтгэлийн бүүр нарийн чанарыг хөөдөг.
Тийнхүү амьтан бүгдэд угаасаа төрмөл буй гэгээн гэрлийн мөн чанартай уг суурь сэтгэлд уусан ариусаж гэгээн гэрлийн нарийн сэтгэлийг тодруулж оюун санааны төгс гэгээрэлд хүрдэг ёстой.

Эдгээр эрдэмүүдийг эзэмшихийн тулд бие, хэл, сэтгэлийн явдалыг ариусгах, эгэл ертөнцийн амьдралтай зууралдалгүй, буддын гүн ухаан, судар, тарнийн номонд суралцаж байж эзэмшдэг. Лам хуврагууд сахил сахиж, судар тарнийн номонд олон жил суралцдаг нь ийм учиртай.
/Бүдүүн тойм бичсэн энэ хэдэн үгээр Буддизмын онцлох гол чанарыг мөчидхөн ч гэсэн таниулахыг оролдов./
Gundee lama
