Categories
Uncategorized

Үүнээс илүү шимтэй, тус эрдэмтэй эм тан гэж Замбуулинд байхгүй ээ!

Үүнээс илүү шимтэй, тус эрдэмтэй эм тан гэж Замбуулинд байхгүй ээ!

Хязаалан хонины борви, тойг, далны бариулын яс гэсэн шимт гурван яс, Норов 7, Лэдэр 7, Мана 4 тангийн аль нэгийг хийж, усныхаа 2\3-ийг ширгээгээд халуун бүлээнээр ууна.

Ясаа 3-4 удаа дахин чанаж хэрэглэж болно.

Тус эрдэм: Хий, цусны үйл ажиллагааг тэгшитгэж, судас шөрмөс, ясыг шимжүүлж, цусыг төлжүүлж, биеийн долоон тамирыг тэтгэх тэргүүтэн тус эрдэм нь санаагаар сэтгэшгүй болой.

Тангаа хүртэхийн өмнө Манла бурханы зүрхэн тарнийг 3-7 удаа уншиж адислаад, “Эмийн дээд рашаанд хувирлаа” хэмээн сэтгээд хүртээрэй.

Зэндмэнэ эрдэнэ адил хүн төрөлт биеэ арчилж тордож байгаарай.

Таны хий арвидаж хямарсан шинжүүд илрээд, ядраад байгаа бол энэхүү ясны шөлтэй шимтэй рашаанд ороорой.

Бэлтгэх арга: Хонины яснуудыг усанд хийж 3-4 цаг сайтар буцалгана. Дээрээс нь архи хийж 15’ орчим буцалгана.

Бэлэн болсон шөлөө шүүгээд, Манла бурханы тарниа 3-7 удаа уншиж адислаад, рашаанд хувирлаа хэмээн бясалгана. Ваннандаа халуун бүлээн ус хийгээд, дээрээс нь бэлэн болсон рашаанаа хийнэ.

Рашаанд орох арга: Рашаанд орохын өмнө шүршүүрт орж биеэ сайтар угааж цэвэрлэнэ. Тэгээд рашаандаа орж, 15’-20’ минут хэвтэнэ.

Анхаарах зүйл: Рашаанд орохдоо аюулхайнаас дээш цээжин биеэ дүрэхгүй.

Даралт ихэсдэг хүмүүс хэт халуун рашаанд, удаан орж болохгүй!

Рашаанд орсны дараах үйл: Рашаанаас гараад даавуун өмд, цамц өмсөөд, толгойгоо алчуураар боогоод, дулаан хөнжилдөө орж хэвтэнэ. Сүүтэй халуун цай юмуу сонгино сармистай хар шөл ууж болно.

Хөлсөө байн байн арчиж, салхи цохиулалгүй, хөлсөө намдтал 1-2 цаг хэвтэнэ. Босоод хуурай, дулаан хувцас өмсөнө.

Рашааны гам: Рашаанд орсноос хойш 3-5 хоног даарч, хүйтэн бороо салхинд цохиулж болохгүй.

Тус эрдэм: Биеийн хийн бэлгэ чанарыг тэгшитгэж, долоон тамирыг тэтгэнэ. Ясыг шимжүүлж, булчин шөрмөс судас татаж, хатаж, хатуурч, хөшсөнийг зөөллөж, арьсыг тослог зөөлөн болгох, биеийг эрч хүчтэй болгох, сэтгэл санаа тайвшруулж амар амгалан болгох тэргүүтэн тус эрдэм хязгааргүй болой.

Ганбаатарын Одонцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *