Categories
Uncategorized

Рашаан, шавар эмчилгээг ямар өвчинд хийдэг вэ? рашаан, шавар эмчилгээг хориглох өвчнүүд, монгол орны рашаан, шавар эмчилгээнүүдийн онцлог ХАДГАЛААД АВААРАЙ

Шавар эмчилгээний түүхээс:

Олон зууны турш ардын эмчилгээний нэгэн төрөл болсон шаврыг МЭӨ VII зууны үеэс хүн төрөлхтөн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Пемния, Галена (МЭ 131-200 онд) нар Нил мөрний шаврыг эмчилгээнд хэрэглэж байсан тухай бичсэн байдаг [Г.Р.Татевосов 1958 он].

XVII зуунд Италид шавар эмчилгээг галт уулын шавраар хийдэг байжээ. XVIII зуунаас Франц, Германд шавар эмчилгээг хийх болсон. Тэр үед шаврыг биедээ түрхэх, шавах байдлаар хэрэглэж байсан ба түүний үйлчлэлийн үндэс нь хөлөргөх явдал гэж үзэж байв. Шаварт өдөрт 3 удаа орж, зарим нь шавраар бүх биеэ хучиж, хэдэн цагаар ухаан алдталаа хэвтэх тохиолдол ч гарч байжээ.

Орост шавар эмчилгээний өлгий нутаг нь Крымын хойг юм. Шаврыг бараг бүх төрлийн өвчинд хэрэглэж байсан ба шавар гэдэг маань чухам юу болох, химийн ямар найрлагатай, ямар шинж чанартай болох талаар нууцлаг байсаар XIX зуунтай золгосон.

Эмчилгээний шаврын химийн найрлагыг анх Орост Сакийн шавар дээр 1807 онд Францын химич Дессер хийсэн ба үүнээс хойш Оросын судлаачид физик-хими, биологийн шинж чанар организмд үйлчлэх механизмыг судалж эхэлсэн. 19-р зууны дунд үеэс эмчилгээний шаврын химийн судалгааг анх хийсэн ба шавар эмчилгээний асуудал судлаачдын сонирхлыг ихэд татаж эхэлсэн. Тэр үед шаврыг дулааны улиралд наранд халааж болон халуун ус нэмж хэрэглэж байсан.

Үүнтэй холбоотой шингэлсэн шавар ванн эмчилгээ бий болсон ба үүнийг зөвхөн хүйтний улиралд хэрэглэж байсан. 1839 онд “Старый русский” сувиллын газарт анх эмчилгээний шаврыг уураар халаах (шнековскийн) машиныг бий болгосноор шаврыг жилийн турш хэрэглэх боломжтой болсон.

Орос оронд октябрийн хувьсгалаас хойш эмчилгээний шаврын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч олон тооны сувиллын газруудыг байгуулсан. 1940 он гэхэд 469 мянган ортой 3600 сувилал байгуулагдсан байв.

XVIII зуунд Монгол-Татарын хаант улсын дарангуйллын үед шавар эмчилгээг хэрэглэж эхэлсэн ба улмаар 1934 онд анхны сувиллын газрыг нээж, рашаан шавар эмчилгээг хослуулан хийх болжээ.

Эмчилгээний шавар

Эмчилгээний шаврыг найрлагаас нь хамаарч

Лаг шавар

Ялзмаг шавар гэж 2 ангилна.

Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бүрэлдээн тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн нарийн дисперслэг бүтэцтэй систем бөгөөд ашигт малтмалд хамаарагддаг. Эмчилгээний шавар нь байгалийн янз бүрийн нөхцөлд төрөл бүрийн физик-химийн процесс ба бичил биетний амьдралын үйл ажиллагааны дүнд тунамал-комплекс бүтээгдэхүүн байдлаар үүсдэг.

Эмчилгээний шавар нь дулаан-физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан органо-эрдсийн бүрэлдэхүүн (төмөр, зэс, хөнгөн цагаан, кобальтын ислүүд, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, азот, даавар, антибиотик, витамин төст) нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог. Эмчилгээний шавар нь нянгийн эсрэг үйлчлэлтэй байдаг.

Эмчилгээний шаврын нэг гол онцлог нь өөрт агуулагддаг бичил биетнийхээ амьдралын үйл ажиллагааны дүнд биологийн процесс явагддагт оршино. Бүх төрлийн эмчилгээний шаварт маш их хэмжээний микроорганизм (1 гр шаварт миллиардаар тоологдох) агуулагддаг. Эдгээр нь органик бодисын хувиралд оролцдог.

Шавар нь хатуу, шингэн, хийн фазад орших органик ба эрдэст хэсгээс бүтнэ. Органик бодис нь шаврын усан уусмал, хатуу ба коллоид хэсэгт илэрдэг. Түүний тоо хэмжээ, чанар нь тухайн ордын шаврын гарал үүслээс хамаардаг.

Шаварт гумины бодисууд, битум, тосны хүчлүүд, лигнин, амин хүчлүүд, давирхайлаг маягийн бодисууд агуулагддаг. Шаврын гидрофильно-коллоидны хэсэгт кремнезем, шохой, доломит голдуу агуулагддаг нь шаврыг дулааны ба нунжгай, гулгамтгай чанартай болгодог.

Шаврын эрдсийн хэсэг нь усанд уусдаггүй эрдэс, муу уусдаг давснуудаас тогтоно. Энэ хэсэг нь ион ба хийг агуулна. Шаварлаг хэсэгт мөн төмөр, хүхэр, марганец, фосфор, азот, хар тугалга, молибден, ион, бром гэх зэргийн элементүүд байдаг. Эдгээр нь шаврын уусмалд ууссан байдлаар, хатуу хэсэгт тунадас байдлаар оршино.

Шаврын уусмалд чөлөөт ба ууссан хэлбэр бүхий хий байдаг. Үүнд хүхэрт устөрөгч, нүүрсхүчлийн хий, азот, метан, хүчилтөрөгч зэрэг хийнүүд тодорхойлогддог.

Эмчилгээний шаврын орчин (pH) түүнд явагдаж байгаа биологийн процессийн шинж чанар, химийн найрлагаас хамаардаг. Орчных нь хувьд шаврыг хэт хүчиллэг (pH≤2.5), хүчиллэг (pH=2.6-5.0), сул хүчиллэг (pH=5.1-7.0), сул шүлтлэг (pH=7.1-9.0), шүлтлэг (pH≥9.0) гэж хэд хэд ангилдаг.

Шаврын уусмалын эрдэсжилт ихсэх тусам тэр нь амьтан ургамлын баялагаар ядуурдаг, дунд зэргийн эрдэсжилттэй (50-70 г/л) сульфидны лаг шавар дахь нян эсэргүүцэгчид нь бактерийн биологийн процесс үржлийг зогсоодог [О.Ю.Волкова].

Эмчилгээний шаврын анагаах чадал

Эмчилгээний шаврын үйлчлэлийг өргөн судлах болсон ч одоогоор нууц нь бүрэн судлагдаагүй байгаа юм. Шаврыг тодорхой байрлалд бигнүүр тавьж хэрэглэснээр организмын үндсэн үйл ажиллагаанд (цусны эргэлт, амьсгал, бодисын солилцоо, ялгаруулалт гэх мэт) цогцоор нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Эмчилгээний шавар нь эдгээр үйлчлэлээ дулааны, химийн, механикийн, цахилгааны, биологийн зэрэг шинж чанаруудынхаа нэгдмэл байдлын тусламжтайгаар явуулдаг.

Мөн шавар эмчилгээний үзүүлэх нөлөө нь шаврыг хэрэглэх арга хэлбэр, шавар тавих талбай, үргэлжлэх хугацаа, заслын нийт тооноос хамаардаг.

Шавар эмчилгээний нөлөөгөөр арьсанд гистамин, ацетилхолин төст бодисуудын агуулга өсөж, гистамины пектический индекс өөрчлөгдөн эдийн бүтцийн нэвтрүүлэх чадвар өсөж химийн бодисууд организмд нэвтрэх зам нээгддэг.

Мөн эмчилгээний шавар арьсны гадаргуутай шүргэлцэхэд бага зэргийн цахилгаан гүйдэл үүсдэг ба энэ нь шаврын найрлага дахь химийн бодисууд ион болон задрах улмаар арьсанд нэвтрэхэд дөхөм болно. Түүнчлэн шаварт агуулагдаж байгаа гормон төст бодисууд арьсаар нэвтэрч организмд ордог. Шавар эмчилгээ хийснээр хэд хэдэн ферментийн идэвхжил дээшилж исэлдэн ангижрах явцыг түргэсгэснээр эд, эсийн хийн солилцоо сайжирч эдийн нөхөн төлжилтөд эерэг нөлөө үзүүлнэ. Улмаар дархлалын ажиллагаа хэвийн болж, харшил буурч, ялангуяа хэсэг газрын үрэвсэлд үзүүлэх нөлөө илт мэдэгдэхүйц болдог байна. Энэ нь эдийн цусан хангамж, тэжээллэг сайжирч үрэвслийн эмгэг голомт тарж арилахад түлхэц өгснөөр илэрнэ. Шавар эмчилгээ нөлөөлснөөр арьсны хучуур эдийн давхаргад лимфоцит, эозинофилийн урсац ихэснэ.

Шаврын үйлчлэл нь молекулын түвшинд, тухайлбал төрөл бүрийн фермент (энзим, коэнзим гэх мэт)-ийн агууламж, идэвхжилд нөлөөлдгийг судлаачид нотолжээ. Мөн олонх судлаачдын дүгнэлтээр шавар эмчилгээ нь нүүрс ус, фосфор, өөх тос, уургийн солилцоог хүчжүүлдэг байна.

Эмчилгээний шаврын үйлдэл:

Дулааны нөлөө үзүүлнэ.

Бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ

Антибиотик төст шинж агуулна.

Поликлюин болон бусад нэгдэл даавар төст нөлөөтэй.

Цацраг идэвхт чанар агуулна.

Шавар нь арьсанд хүрэлцэж мэдрэлийн төгсгөлийн рецепторт цочрол үзүүлж төв мэдрэлийн системийг цочрооно.

Бие махбодын нөхөн сэргэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Ургал мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээнэ.

Эд эсийн тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ.

Биохими, дотоод шүүрэл, уураг, нүүрс усны солилцоонд эергээр нөлөөлнө.

Үрэвслийн процессыг бууруулж өвдөлт намдаана.

Шавар эмчилгээ хийж болох багана нурууны эмгэгүүд

Багана нурууны нугалмын хортой ба хоргүй хавдар, сүрьеэгийн гаралтай багана нурууны эмгэг, үрэвсэлт өвчнүүдийн хурц үе, хурц өвдөлттэй зэргээс бусад эмгэгүүдэд эмчилгээ хийж болно.

Бусад эрхтэн системийн талаас рашаан, шавар эмчилгээ хийж болохгүй заалтууд:

Янз бүрийн шалтгаант халууралтын байдал

Хортой ба хоргүй хавдрууд

Цусны ба цус төлжүүлэх эрхтнүүдийн өвчин

Зүрх судасны өвчнүүдийн хүндэрсэн хэлбэр

Илэрхий тархмал судас хатуурах өвчин

Бамбайн хордлого (II-IIIст)

Уушгины болон бусад эрхтний сүрьеэ

Бүх төрлийн үрэвсэлт өвчнүүдийн хурц үе

Цус алдалт ба цус алдах магадлалтай үед

Эпилепси ба эпилепсийн уналттай

Нүдний даралттай

Хөлийн венийн судасны зангилаат өргөсөлттэй

Халдвартай үедээ байгаа арьс өнгөний өвчнүүд

Жирэмсэн

Рашаан, шавар эмчилгээний үр дүн:

o Шууд

o Алсын гэсэн 2 үр дүнтэй байдаг.

Ийм учраас рашаан, шавар эмчилгээний үр дүн эмчилгээний хугацаанд шууд гарахаас гадна алсын үр дүн удаан үргэлжилдэг учир эмчилгээний дараах гам дэглэм барих шаардлагатай байдаг.

Монгол орны зарим рашаан сувиллууд

1.Оргил рашаан сувилал:

Туул голын эрэгт, далайн төвшнөөс 1288 м өндөрт оршдог. Физик, химийн бүтцийг судалсан эрдэмтэд Кисловодскийн Нарзан, Сибирийн Дарсун рашаантай ижил найрлагатайг тогтоосон. Уг рашаан нь гидрокарбонат кальци магнийн найрлагатай, 1-5 гр эрдэсжилттэй, 50 мг төмөр агуулсан, эмчилгээний гол хүчин зүйл нь нүүрсхүчлийн чөлөөт хий бөгөөд энэ рашааныг дотуур уух хэлбэрээр ашигладаг. Их цайдам нуураас авчирдаг хүхэрт шавартай. Тус сувилалд цусны эргэлт, хоол боловсруулах эрхтний эмгэгийг эмчилнэ. Мөн бодисын солилцооны алдагдал, мэдрэлийн сульдаа зэргийг анагаана. 1984 оноос үйл ажиллагаа явуулж байгаа.

2.Хужирт рашаан сувилал:

Өвөрхангай аймгийн Хужирт суманд далайн төвшнөөс дээш 1600 м-т оршдог. ЗХУ-ын эрдэмтэд найрлагыг нь тодорхойлж 1939 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. Байгалын эмчилгээний хүчин зүйл нь карбонат- гидрокарбонат натрийн найрлагатай, фтортой, цахиурлаг чанарын, сулавтар эрдэсжилт бүхий азотын халуун рашаан юм. 1 литрт 0,5 эрдэсжилттэй, 56 хэмийн халуун. азотын 56 хэмийн халуун рашаан, рH-8,6-9,51. Найрлагад нь Na, K, Ca, Mg, SO4,NO2, хүхэрт ус төрөгч, радон зэрэг хүний биед хэрэгтэй химийн элементүүдийг агуулдаг.

Шавар: Бор өнгөтэй, ус багатай, сулавтар хүхэр-устөрөгчийн үнэртэй, ургамал ногооны ялзмаг хольцтой, 37,4% чийгшилтэй, сульфат кальци, карбонат кальци, карбонат магни, фосфат кальци 9,77%, цахиурлаг жижиг хэсгүүд 19,44% эзэлж, зуурмаг бүрдэл 1,4%, металл, металл бус дутуу, гүйцэд ислүүд 18,45% тус тус агуулдаг. Найрлагадаа карбонат, гидрокарбонат натри, цахиурын хүчил, радон агуулна. Хужиртын шавар нь эрс тэс уур амьсгалтай газарт, голын ай савд, хүхэрлэг халуун рашааны нэвчилттэй орчинд бүрдсэн лаг төрлийн шаврын бага зэргийн нөөцтэй. Хужиртын рашаан сувилалд сүрьеэгийн гаралтайгаас бусад үе мөчний архаг үрэвсэлт өвчнүүд, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны сульдал, захын мэдрэлийн үрэвсэл, хүзүү нурууны эмгэгүүд, яс ургалт, гэмтэл бэртэл, бороожилт удааширсан эмгэг, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн дайврын архаг үрэвсэл, үргүйдэл, арьсны зарим өвчнүүд, булчин шөрмөсний архаг өвчин зэргийг анагаана.

  1. Жанчивлин рашаан сувилал:

Далайн төвшнөөс 1680 метрт оршдог. 1926, 1946, 1950 онуудад судлагдсан. Сул эрдэсжилттэй, нүүрс хүчлийн хий бүхий хүйтэн рашаан юм. 1 литрт 2 гр хүртэл эрдэсжилттэй, 1,5 хэмийн температуртай. Рашаанаа уух, ходоод, гэдэс, цөсний хүүдийг угаах эмчилгээ хийхээс гадна Их цайдам нуурын шаврыг зөөж эмчилгээнд хэрэглэдэг. Хоол боловсруулах эрхтний өвчнүүд, ходоод гэдэс, элэг цөсний архаг өвчнийг эмчилнэ.

  1. Шаргалжуут рашаан сувилал:

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт далайн төвшнөөс дээш 2000 метр өндөрт оршдог. Уур амьсгал эрс тэс, цацраг идэвхтэй, тунадас бага, хэт ягаан туяаны нөлөөнд оршино. 0,26 км талбай бүхий боржин чулуун хадтай толгойн энгэрт их бага нийлсэн 100 орчим халуун булгаас бүрдэнэ. Булгууд найрлага бүтцээрээ адил боловч халуун хүйтний ялгаа харилцан адилгүй. Эмчилгээний хүчин зүйл сул эрдэсжилттэй, хүхэр устөрөгч бүхий сульфат, карбонат агуулсан, 1 литртээ цахиурын хүчил 174 мг, фтор 12 гр, бор 4 гр болон бусад микроэлементүүд агуулсан. Халуун рашаануудаас гадна 1 хүйтэн рашаантай, энэ нь элэг цөсний өвчинд сайн нөлөөтэй. Рашааны ойролцоо 600 градус бүхий шаврын ордтой. Үе мөчний архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны зарим өвчин, мэдрэлийн сульдаа, захын мэдрэлийн өвчин зэргийг анагаана.

  1. Гурван нуурын рашаан сувилал:

Хэнтий аймгийн Дадал суманд далайн төвшнөөс 700 метрт оршино. Онон, Балж, Дэлүүнболдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн 3 жижиг нуур байна. Сувиллын орчим нарлаг, хур тунадас багатай. Гол хүчин зүйл хүний биед тохиромжтой уур амьсгал, энэ нь нарсан ойн хүйтнийг зөөлрүүлдэг онцлогтой холбоотой. Агаар нь анхилуун, цэвэр чийглэг орчин бөгөөд уг агаар нь фитоцит, азотоор элбэг. Мөн наранд шарах, бие чийрэгжүүлэхэд нуурын усыг ашиглаж болно. Нуурын ус нь гидрокарбонат кальци, натрийн найрлагатай. Энэ сувилалд амьсгалын эрхтний архаг өвчин, хатгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, амьсгалын дээд замын архаг үрэвслийг эмчилнэ. Мэдрэлийн сульдал, үе мөчний архаг үрэвсэл, мэргэжлээс шалтгаалах зарим өвчнийг сувилна.

  1. Отгонтэнгэрийн рашаан сувилал:

Завхан аймгийн Алдархаан суманд Отгонтэнгэр уулнаас 20 гаруй км-т, далайн түвшнээс дээш 2500 метр өндөрт оршино. Үндсэн хүчин зүйл нь 50 гаруй булгаас ундарч байгаа сул эрдэсжилттэй азотын халуун рашаан бөгөөд найрлага нь гидрокарбонат сульфат натри бүхий хүхэр, устөрөгч, фтор, цахиурын хүчил, радон агуулна. Сувиллын орчим сэрүүвтэр, өндөр уулын цэнгэг бичил уур амьсгал, сийрэгжсэн агаар зэрэг өвөрмөц онцлог нөхцөлөөр бусад сувиллаас ялгаатай. Энэ сувилалд үе мөчний архаг үрэвсэл, амьсгалын эрхтний өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, арьсны зарим өвчин, мэдрэлийн сульдал, захын мэдрэлийг үрэвслийг эмчилнэ.

Мэдээллийг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хужирт рашаан сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, УАУ, Зүү төөнө заслын ахлах зэргийн их эмч Б.Пүрэвсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *