Categories
Uncategorized

Хамраас цус гарсан үед ямар арга хэмжээ авах вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хамрын цус алдалт, цус алдах нь гэмтэл, цусны бүлэгнэлтийн алдагдал, артерийн даралт ихсэх өвчин ба бусад өвчнүүд, эсвэл биеийн хүчний ачааллын үед үүсдэг.

Анхны тусламж

Цус алдаж буй хүнийг бага зэрэг тонгойлгож суулгана.

Цус гарч буй хамрын нүхээр 3% устөрөгчийн давхар исэл, эсвэл хүйтэн усаар норгосон хөвөн хийж хамрын нүхийг дарна. Дарсан чигтээ 5 минут болно.

Хамрын орчимд хүйтэн усаар дүүргэсэн хүүдий, мөстэй жин тавина.

Хамран дахь хөвөн цустайгаа хатаж авахад бэрхшээлтэй болвол дусаалгуураар норгож болно. Цус гарч буй хүнийг босгож, эсвэл толгойг хүчтэй арагш нь гэдийлгэж болохгүй, учир нь цус залгиур луу орж, бөөлжиж болно.

Хэрэв цус хүчтэй гарч байвал нэн яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Хамраас цус гарах явдал хүн бүхэнд их бага хэмжээгээр тохиолддог. Гэвч цус гарах нь сайн муу алин болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тухайн үедээ санаа зовнидог хэдий ч цус тогтсоны дараа тавгүй сэтгэгдэл сариад л алга болчихдог. Тэгээд бид их халуунаас боллоо, хөөрч хөшсөнөөс боллоо гээд л өөрсдөө янз бүрийн онош тавиад л өндөрдөг шүү дээ. Тэгвэл чухам ямар шалтгааны улмаас хамраас цус гардаг болохыг дэлгэрэнгүй тайлбарлая.

Хамраас цус гарах нь хоёр үндсэн хэлбэртэй байдаг: 

Anterior буюу хамрын урд хэсэг- Ихэнх хүмүүсийн хамарнаас энэ хэлбэрээр цус гардаг. Өөрөөр хэлбэл хамарны урд хэсэгт байрлах судас гэмтсэнээр цус алддаг байна. Үүнийг гэрийн нөхцөлд тогоох боломжтой бөгөөд аюулгүй юм.

Posterior буюу хамрын арын хэсэг – Хамрын арын хэсгээс цус алдах нь тун ховор үзэгдэл юм. Энэ нь ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог. Хамрын арын хэсэгт байрлах артерын судаснаас цус алддаг бөгөөд энэ хэлбэрийн цус алдалтын шалтгааныг тогтооход нэлээд ярвигтай. Мөн зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай байдаг.

        АНУ-д долоон хүн тутмын нэг нь хамарнаас нь байнга цус гоождог зовиураар шаналж байна. Гол төлөв өвлийн цагт хуурай, хүйтэн уур амьсгалын улмаас хамарнаас цус гоождог бөгөөд 2-10 насны хүүхдүүдэд, 50-80 насны хүмүүст голчлон тохиолддог гэсэн судалгаа гарчээ.

Хамраас цус алдах шалтгаан: 

Гадаад орчин – Хамраас цус гарах нь хүчтэй, хүйтэн салхитай, хуурай эсвэл хэт чийглэг агаартай орчинд байх, мөн ойр ойрхон ханиад томуу туссан зэргээс үүдэлтэй байдаг. Үүний улмаас хамрын судас гэмтэж, цус алдах шалтгаан болдог.

Эрүүл мэндийн байдал -Цус бүлэгнэхгүй байх, эсвэл зарим нэг дотор эрхтний цус алдалт гэх мэт суурь өвчний улмаас хамарнаас цус алдах тохиолдол бий. Ялангуяа элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цус бүлгэнэх үйл ажиллагаа доголддог.

Мөн судсанд болон хамранд үүссэн хавдар нь цус алдалтын шалтгаан болдог. Түүнчлэн даралт ихсэхэд хамарнаас цус алдах хэдий ч энэ нь дангаараа биш бусад хавсарсан шинж тэмдгээр илэрнэ.

Их хэмжээгээр цус алдаж байгааг хэрхэн мэдэх вэ?

        Хамарнаас их хэмжээгээр цус алдах үзэгдэл нь ховор тохиолддог. Хамрын нэг талын нүхний судас гэмтэж их хэмжээний цус алдсаны улмаас нөгөө нүхээр давж гоождогийг бид хоёр нүхнээс гоожиж байна гэж эндүүрдэг.

Гэвч цус нэг нүхнээс л гоождог байна. Их хэмжээгээр цус алдсан үед толгой эргэх, дайвалзах, нүд бүрэлзэх, ухаан алдах гэх мэт аюултай шинж тэмдэг илэрдэг.

Мөн цус нь амны хөндий, залгиур хоолойгоор дамжиж ходоодонд орсны улмаас тухайн хүн цусаар бөөлжиж болзошгүй. Биеийн аль нэг хэсэг амархан хөхрөх, шээс болон ялгадсанд цус ялгарч үзэгдэх нь цус зохих хэмжээнд бүлгэнэхгүй байгаагийн шинж бөгөөд эрүүл мэндийн хувьд аюултай нөхцөл бий болж байгаагийн илрэл юм.

Ямар тохиолдолд эмчийн тусламж хүсэх вэ?

Өдөрт хэд хэдэн удаа хамраас цус алдах

Хамраас гадна шээс болон ялгадаснаас цус ялгарч байвал

Биеийн аль нэг хэсэг амархан хөхөрч байвал

Аспирин болон бусад цус шингэрүүлэх төрлийн эм уудаг бол

Цус бүлгэнэлтэд нөлөөлөх ямар нэгэн суурь өвчинтэй бол (элэг, бөөрний эмгэг, цусны эмгэг)

Саяхан химийн эмчилгээ хийлгэсэн бол

Хамраас дараах байдлаар цус алдсан бол аюултай гэж үзнэ

Хамраа бөглөөд 10 минут гаран болсон мөртлөө цус гараад байвал

Маш богино хугацаанд ойр ойрхон цус гоожоод байвал

Явах болон хөдлөхөд толгой эргэж байвал

Амьсгалахад төвөгтэй болж, зүрхний цохилт ширүүсвэл

Бөөлжиж дотор муухай оргивол

Маш хурдан хугацаанд биеийн халуун тань 38.5°C-аас илүү гарвал

        Дээрх бүх тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудахыг зөвлөж байна. Ер нь гаднаас хараад антиреор болон постериор цус алдалтыг ялгаж тогтоох боломжгүй юм. Зарим тохиолдолд цусны бүлэгнэлийн түвшинг лабортарийн шинжилгээгээр тогтоож зохих эмчилгээг хийдэг.

Цус алдахыг зогсоохын тулд

        Бага зэргийн цус алдалтыг зогсооход тогтсон арга гэж байдаггүй. Бидний дунд хэвшил болсон мөсөөр жин тавих, хүйтэн усаар толгойгоо шавших зэрэг нь үнэндээ ямар ч нэмэргүй байдаг. Учир нь хамрын судас гэмтсэний улмаас цус алддаг бөгөөд судас гэмтэх шалтгаан нь гол төлөв хуурай, хүйтэн агаартай орчинд байгаагаас үүдэлтэй байдаг. Тиймээс хамраас цус гоожсон үед ямар арга хэмжээ авбал зохих талаар дараах  зөвлөмжийг хүргэж байна.

Чимээгүй, тайван байх

Хөдөлгөөнийг хязгаарлаж чигээрээ суух

Толгойгоо үл ялиг урагш болгох. Толгойгоо гэдийлгэх нь зөвхөн цусаа залгихаас өөр зүйлгүй байдаг.

Хамрынхаа нүхийг 10 минутын турш чанга чимхэх. 10 минутаас өмнө хуруугаа суллахгүй байх нь чухал юм.

Аманд орсон цусаа нулимж гаргах. Залгиснаар бөөлжих тул аль болох зайлсхийгээрэй.

Хамрын цус алдалтыг эмчлэх эмэн эмчилгээ

Антериор төрлийн цус алдалтыг зогсооход ихэнх тохиолдолд эмчилгээ шаардлагагүй байдаг. Элдэв суурь өвчингүй л бол бие махбодь аажимдаа өөрийнхөө цусыг бүлэгнүүлж цус алдалт зогсдог байна.

Постериор төрлийн цус алдалтын үед артерийн судас гэмтсэн байдаг учир эрүүл мэндэд заналхийлэх аюул их байдаг. Бусад суурь өвчний улмаас ингэж цус алддаг бөгөөд хавсарсан эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

Цусаа тогтоосны дараа юу хийх вэ?

        Хамраа ямар нэгэн байдлаар үрэвсүүлэх, хөндөхөөс сэргийлж, аль болох ханиаж, найтааж, нийхгүй байхыг  хичээгээрэй. Ялангуяа өвлийн цагт гэр доторх агаар хуурайшиж, хамарнаас цус гоожиход хүргэдэг тул тасалгааг чийгшүүлэх арга хэмжээг аваарай. Мөн хүнд юм өргөх болон хүч тамир шаардсан дасгал хөдөлгөөн хийхээс татгалзах нь зүйтэй.

Хамраас цус гарахаас хэрхэн сэргийлэх вэ?

        Гэр болон ажлын байрныхаа агаарыг сайн чийгшүүлээрэй. Гэхдээ хэт чийгтэй орчин бас зохимжгүй тул тасалгааны чийгшилтийн хэмжээ 55 хувиас илүүгүй байлгах ёстой. Мөн хамрын дусаалга, цацлагыг чийгшүүлэх зорилгоор байнга хэрэглэж, сэргийлээрэй. Хэрвээ хамрын цус алдалтын шалтгаан нь элэг болон бусад суурь өвчнөөс үүдэлтэй бол эмчийн өгсөн зөвлөгөөг дагах нь чухал. Эцэст нь хэлэхэд тамхи татах нь хамрын хөндийг хуурайшуулж, үрэвсүүлдэг тул муу зуршлаасаа татгалзах хэрэгтэй юм.          

Эх сурвалж: Эрүүл мэнд инээмсэглэл сэтгүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *