Нойр булчирхай болон цөсний хүүдийн өвчнийг анагаах амьдрал ахуйн болон хоолны дэглэм.

Нойр булчирхай үрэвссэн үед хооллолтын буруу дэглэмийг зайлшгүй өөрчилж өөрийн бие, эрүүл мэндээ хяналтандаа авах шаардлагатай.
Учир нь нойр булчирхайн үрэвсэл даамжрах аваас нойр булчирхайн бүтэц алдагдаж хатангирших, улмаар хоол боловсруулах болон дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин үүсэх, нойр булчирхайн хорт хавдар үүсэх эрсдэлтэй.

Цөсний хүүдий мөн хоол боловсруулах болон хүний ерөнхий эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой эрхтэн.
Цөсний хүүдийн үрэвсэл даамжирснаар элэг өөхлөх, цаашлаад элэг хатуурах, цөсний чулуу үүсэх, цөсөө мэс заслаар авахуулах, цөс мэс заслаар авахуулсан тохиолдолд нойр булчирхай үрэвсэх нөхцөл үүсдэг.

Хоол эрүүл ахуйн дэглэм нь нойр булчирхайн архаг үрэвслийн сэдрэхээс сэргийлнэ, сэдрэлт бүр нь нойр булчирхайн эдийг хатангирших учир аль болох сэдрээгүй байх нь чухал.
Эрүүл амьдралын хэвшил:
Архи, пиво, айраг, тамхины хэрэглээнээс эрс татгалзах

Стресс ядаргааг арилгах сэтгэл сэргээхийн тулд өглөөдөө 15 минутын бясалгал, эсвэл хөнгөн жороолж гүйх байдлаар дасгал хөдөлгөөн хийж хэвших, гэдэсний таталтын дасгал хийж хэвлийн тойргийн хэмжээг багасгах
Шарсан, хайрсан хоол, хуушуур, исгэлэн ногоон алим жимс, түүхий болгоогүй ногоо жимс, аргаагч бодистой ногоон цай, байхуу цай, кофе, гашуун хар талх, хиам, бэлэн гоймон, халуун ногоотой Солонгос хоол, (сүү, тараг хэсэгтээ хэрэглэхгүй), газтай ундаа хэрэглэхгүй байх. Банана, усан үзэм гэдэс дүүргэх учир тохиромжгүй, түргэн хоол, шарсан тахиа зэрэг нь ходоодны салст цочроох учир мөн л тохиромжгүй.

Хоолоо жигнэж, усанд чанаж болгож идэх, хурц тостой хоолноос татгалзах, шингэн каш, тахиа, загасны мах, жигнэсэн котлет, гурилтай болон ногоотой шөл идэх нь тохиромжтой.
Халуун биш хүйтэн биш бүлээн хоолыг хэт их цадахгүй идэх
Өдөрт 5-6 удаа хооллоно.

Ажилдаа өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авч явж хэвших.
Эдгээр эрүүл ахуйн дэглэмийг дор хаяж 3 – 5 сар баримтлах хэрэгтэй.
Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч даамжрах явцтай, голдуу үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатингаршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл, түүний цоргын бүтэц уйланхай, шохойжилт, чулуу үүсдэг гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг архаг нойр булчирхайн үрэвсэл гэнэ.

Шинж тэмдэг
Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал, сүвээ, ар нуруу руу ороож дамжина.
Нойр булчирхайн биж хам шинж- шүлс савирах, бөөлжис цутгах, бөөлжих, хоолонд дургүй болох, гэдэс дүүрэх, өөх тостой хоол, сүү сүүтэй цайны зохимж муудах

Арьс шарлах, эцэж турах
Аюулхай орчим хөндүүрлэх
Тосорхог гялалжсан наалданги шингэнээр суулгах
Шалтгаан
Архаг хордлого /архины/
Элэг цөсний замын эмгэг
Өөх тос уургийн солилцооны эмгэг

Ходоод, дээд гэдэсний эмгэгүүд
Нойр булчирхайн шүүс ялгаруулах замын эмгэг гэх мэт шалтгаануудаас болж үүсдэг.
Хүндрэл
Нойр булчирхайн уйланхай
Нойр булчирхай шохойжиж хатуурах
Чихрийн шижин
Үүдэн вен болон дэлүүний венд бүлэн үүсэх
Нойр булчирхайн цоргын нарийсал

Цус алдалт
Гэдэсний түгжрэл
Хоёрдогчоор үүссэн элэгний үрэвсэл
Оношлогоо
Хэвлийн хэт авиан шинжилгээ
Компьютер томографи
MRI
ERCP

Эмчилгээ
Эмчилгээний сонголтыг өвчтөний нас, шинж тэмдэг зовиурын байдалд үндэслэн шийднэ.
Архаг нойр булчирхайн үрэвслийн үед нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг бууруулах эм уухыг зөвлөдөг.
Эмийн эмчилгээнээс гадна архаг нойр булчирхайн үрэвсэлийн үед илэрдэг зовиурыг бууруулж, урьдчилан сэргийлах аргууд:
Өлөн байлгах

Аюулхайд хүйтэн жин тавих
Шүлтлэг шингэн уулгах /хорсол/
Шинж тэмдэг, зовиур хүнд илрээгүй тохиолдолд
Архи хорих, шаардлагатай үед архины эсрэг эмчилгээ хийлгэх
Цөсний замын болон цөсний хүүдийн эмгэгийг цаг алдалгүй эмчлэх
Ходоод болон дээд гэдэсний эмгэгийг цаг алдалгүй эмчлэх
Зөв хооллох