Сүм хийдүүд Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг.

Арван хангал догшин сахиусын нэг, эх сахиус Балданлхамыг Лхас хот ба Түвдийн тэргүүн Далай ламын сахиус хэмээн үздэгтэй холбоотой онцгойлон тахидаг. Түвдээр Балдан Лхамо, Монголоор Цогт төгөлдөр охин тэнгэр хэмээх энэ бурхан нь урлагийн бурхан Янжинлхамын хилэнт дүр болой.
Монголчууд алдраар нь дуудахыг цээрлэн, хөх юм хэмээн хүндлэн нэршсэн түүхтэй. Балданлхам бурхан нь эргэлдсэн улаан далайн төвд хуй салхи үймцсэний дотор хонгор халзан луусын нуруунаа хөхөмдөг дүртэй, догшин байдлаар сандайлан морилсон, нэг нигуур, хоёр мутартай, баруундаа бэрээ далайсан, зүүндээ гавал барьсан, амаа ангайж, дөрвөн хурц соёог сэрийлгэн, дугариг улаан мэлмий эргэлдүүлсэн, баруун сонороо арслан, зүүнээ могойгоор чимсэн, нойтон барын арьсан хормогч лугаа асаан ажирдаг. Голлогч шадар дөрвөн тэргүүтэй, 12 нөхөд сэлтээр хүрээлүүлэн баймуй.

Балданлхам эгэл Монголчуудын дунд Лхам сахиус гэх нэрээр ихэд алдаршсан бөгөөд оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг гэдэг.
Мянган бурханы ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох гай барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн агшинд 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусын мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг.

Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж, замбуутивийг битүүний шөнө эргэж, амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгох халүан луусын унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож, буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар луу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг.
Лхамын зүрхэн тарни нь: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум. Долоон үе болгож, энэ тарнийг уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увдистай.

Домог сөхвөл, эрт цагт Тэнгэр Асури хоёр хоорондоо ихэд тэмцэлдэж, Асури хүч ихтэй тул дийлдээгүй аж. Тэгтэл тэнгэр орны хаан дайсныг дарах баатар хүү төрүүлмүй хэмээн ерөөл тавьсан боловч охин төржээ.
Хаан эцэг ихэд гонсойн хэрэгсэхгүй байсанд хатан охиндоо Мипам Тоннир хэмээх нэр хайрлан өсгөж гэнэ. Хожим нь Мипам Тоннир хүчит Асури нарыг гэгээвчээр туссан нарны гэрлийг унан олон тэнгэр баатар нарыг хүйсэндээ нуун, дайсны оронд хүрч юүлэн тавьснаар олон гайхамшигт рид хувилгаанаар дарсан гэдэг.

Түүнээс хойш Балдан магсор жалмо буюу Цогт цэргийн ялгуусан илд болсон эх гэж өргөмжлөн нэрлэх болжээ.
Мөн лусын их могойг Хангарьд шувууны аюулаас аварсанд Лусын хаан их бишрэл, хүндэтгэлээр могойн чуулганыг тахил болгон өргөсөнд Лхам бурхан түүнийг өөртөө ээмэг зүүлт, луусандаа хазаар, ганзага, уяа чимэг болгон хэрэглэсэн гэдэг домогтой.

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.
Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ.

Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.
Битүүний орой хүжээ өргөөд унших тарни
Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ?
Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ.

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм.
Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Битүүний зоог
Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг.
Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг.

Битүүний өдөр цээрлэх зан үйл
Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.
Эх сурвалж: http://www.budda.mn/