Categories
Uncategorized

Хий гэж юу вэ? хий ихэдвэл ямар сөрөг нөлөөтэй вэ? хэрхэн эмчлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Хий гэж юу вэ?

Хүний бие анх эхийн хэвлийд

-эцгийн цагаан дусал,

-эхийн улаан цус,

-өөрийн намш гэсэн гурван зүйлээс бүрэлдэж хүн бий болдог.

Намш гэдэг нь хязгааргүйгээс, олон эрин галавыг туулан, янз бүрийн төрөл дамжин , сайн муу үйлийн үрийг тээж, хадгалж ирсэн хар үгээр бол нэг ёсны үйлийн үрийг хадгалсан сүнслэг ой санамж гэхэд болно. Намшийг биежүүлэгч нь эр, эм хоёр эс гэж үздэг. Энэ үйл явцад хийн оролцоо маш чухал байдаг.

Ураг эхийн хэвлийд 5 долоо хоногтой байхад анхны буюу үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог.

-артер, венийн буюу цусан судас,

-тархи, нугас дагасан мэдрэлийн судас,

-хийн судас.

Энэ гурвыг хүний биеийн үндсэн гурван судас гэж үздэг. Толгойн оройгоос бэлэг эрхтний үзүүр хүртэл гол хийн судас байрладаг, түүний салаа нь биеийн бүх хэсгээр түгэж оршдог.

Хийн судас хоосон чанартай.

Түүнээс гадна цусан судас болон мэдрэлийн цагаан судасны дотуур хий гүйж байдаг. Энэ судсан дотор хүний сэтгэл гүйж байдаг.

Хийн судасны салаанууд биеийн бүх хэсгээр байдаг. Хүн гэнэт айхад бүх биенээс хар хөлс асгардаг нь сэтгэлийн хувь бүх биед байгаагийн илрэл.

Их санааширч, гунигладаг хүний хүсэл тачаалын сэтгэл их учраас хийн эрхтнүүд болох зүрх, толгой, ясны өвчинд голчлон нэрвэгдэнэ. Ер нь бүх өвчний гол шалтгаан нь сэтгэлд оршдог гэж үздгийн учир энэ юм.

Сэтгэл хэр зэрэг амар амгалан байна тэр хэрээр хийн судасны гүйдэл түвшин байж бие эрхтэн эрүүл байдаг.

Аливаа өвчний үндэс, шалтгааныг тасалъя гэвэл сэтгэлээ засч, амар амгалан байх нь чухал. Хүн аливаад туйлын тайван амгалан байх ёстой.

Монгол уламжлалт анагаах ухааны 3 махбодийн онолоор бол хүний биед хий шар бадгана 3 махбодь харилцан тэнцвэртэй бие биентэйгээ шүтэлцэн оршин байж хүний бие эрүүл хэвийн ажиллана гэж үздэг.

Үүнээс тэгш чанартай хий махбод нь хүний доод биед голлон шүтэн орших бөгөөд 5 цул эрхтнээс зүрхэнд,6 сав эрхтнээс гол судал,олгойд,7 тамираас ясанд ,5 эрхтнээс чихэнд голлон оршино гэж үздэг. Хүний биеийн хийг 5 төрөл байдаг гэж үздэг бөгөөд үүнд 1. Амь баригч хий толгой болон төв судсанд 2.дээш гүйгч хий өвчүү болон түүний ар талд 3. түгэн гүйгч хий зүрхэнд 4.гал тэгшитгэгч хий ходоодонд 5.уруу арилгагч хий хошногонд тус тус оршино.

Хий өвчнийг үүсгэх гол шалтгаан:

-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа,хүйтэн ус зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх

-Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах

-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,гэнэт айж цочих,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,тамирдаж ядрах,удаан хугацаагаар өвдөж тамир доройтох

-Этгээд нөхцөлийн .Цус алдах гэх мэт

Хий өвчний үед ямар шинж илрэх вэ?

Хий өвчний үед илрэх ерөнхий шинж тэмдэг нь хий махбодийн үндсэн 6 билэг чанар болох хөнгөн, хөлбөрөнгүй, ширүүн, сэрүүн, нарийн, чийрэг чанараас үүдэн амархан даарах, өглөө үүрээр эсвэл орой бүрийд чичрүүдэс хүрч халуурч байгаа мэт болох,өвөл, хавар эрт,намар орой өвчин хөдлөх,өвчин нь нэг газар тогтворгүй хэсэж гүйж байгаа мэт энд тэнд өвдөх,арьс нь хуурайших,ширүүн болох,нойр муудах,элдэв зүүд зүүдлэх,сэтгэл тогтворгүй амархан уурлах,баярлах,уйлах зэрэг шинж илэрнэ.

Амь баригч хий хямарсан үед толгой эргэх,нүд эрээлжлэх,заримдаа дайвалзаж ухаан балартах,татаж унах ,ухаан санаа орж гарах,мартамхай болох шинж илэрнэ

Дээш гүйгч хий хямарсан үед хий огих,хөөсөөр бөөлжих,хэхрэх,зогисох,юм залгих үед хоолой дээр тээглэх,цээж хорсох шинж илэрнэ.

Түгмэл гүйгч хий хямарсан үед зүрх дэлсэх ,амархан айж цочих,түгших,зүрхний орчмоор хэсэж гүйж хатгах шинж илэрнэ.Артерийн даралт тогтворгүй болж огцом ихсэх,огцом багасах байдал ажиглагдана.Голын хий хөдөлсөн үед өрц орчмоос дээш хий гүйж байгаа мэт болон амьсгал бачимдах,амь тэмцэх шинж илэрнэ.

Гал тэгшитгэгч хий хямарсан үед ходоод аюулхайаар цанхайх,ходоод хийгээр дүүрсэн мэт санагдах,хэхэрвэл бие амрах ,хоолны шингээлт муудах шинж илэрнэ.

Уруу арилгагч хий хямарсан үед гэдэс дүүрэх,хуржигнаж дуугарах,даарвал эсвэл өглөө эрт, орой бүрийд мөн хүйтэн хоол унд идсэн уусан үед илүү гэдэс дүүрэх,өтгөн хатах,биений юм хоригдох,эсвэл бага ирэх ,биений юм өвдөлттэй ирэх зэрэг шинж илэрдэг.

Танд эдгээр шинж тэмдгүүдээс нэлээн хэд нь илэрч байвал уламжлалтын эмчид хандан судас барьж оношлуулаарай.Хий өвчний үед өөрт нь их зовиуртай байх мөртлөө шинжилгээн дээр бодитой өөрчлөлт илэрч гардаггүй онцлогтой.

Хий өвчний үед дулаан сэтгэлд таатай орчинд хий дарах үйлчилгээтэй бүлээн тослог шимтэй идээ ундаа хэрэглэн тайван байх шаардлагатайгаас гадна уламжлалт эм тан,зүү,төөнүүр,халуун тосон бариа,бүх биеийн зөөлөн тосон бариа,халуун бүлээн жин засал,халуун рашаан,халуун шавар эмчилгээг эмчийн хяналтан дор хийлгэх хэрэгтэй.

Хий өвчний үед даарах жиндэх,ямаа тэмээний мах,цагаан будаа идэх,сэтгэл зовох,цус хануулах хориотой.

Уламжлалт анагаахын их эмч ,АУ магистр Н.Алтанхундага

БИЕИЙН ХИЙГ ДАРАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

Хиншүү, хярвас, утаа, үнэрээр дарах

Хөх аргал, хомоолын утаа

Ясны хиншүү

Толгой, шийрний хярвас

Шар эсгийний хярвас

Хуушуур, буузны үнэр

Цууны үнэр

Сонгино, гааны үнэр

Сармисны үнэр

Хийн цэгүүдээр илж, жигнэж, төөнөж дарах

Халуун чулуу. (Заавал боодог, хорхогны чулуу гэхгүй. Ястай цуг буцалгасан хар, хөх өнгийн чулуу байхад болно.)

Халуун яс

Жигнэсэн мах

Хуушуур

Шар тос

Чөмөгний тос

Ургамлын үрийн тос

Сүүлний үзүүрийн 5 үе дээр байдаг уураг сүүлний тос

Өвөрмөц хоол идэх аргаар дарах

Ясны шөлөнд хийсэн бантан

Хайлмаг (1-2 халбагыг халуунаар идэх)

Цагаан тосны цөв (1-2 халбагыг халуунаар идэх)

Арвидсан хийг улаанаар дарах (дөрөв болон гурван шимтийн шөл)

150гр буцалж байгаа усан дээр нимгэн зорж хэрчсэн гуяны бор мах, чимх бурам, 3гр шар тос, 5гр монгол архи, бага зэрэг давс, зуурч бэлэн болгосон шингэн гурил нэмж битүү чанаж болгоод хийн гүйдлийн цагаар өдөрт 1 удаа, нийт 3-7 удаа идэх

Арвидсан хийг цагаанаар дарах

15гр замбайн гурилыг 5гр шар тосонд хуурч, 1 аяга түүхий сүү хийн хөөрүүлж, чимх нунтаг цагаан гаа нэмж 3 өглөө дараалан хий хөдлөх цагаар ууна.

Буцалсан усанд хар цай шиг өнгөтэй болтол бор бурам хутгаж, 3 гр шар тос нэмж, хий босох цагаар уувал биеийн ядаргаа арилж цус төлжүүлж, бодисын солилцоо сайжирна.

Борви, тойг, далны тогоо яс, сүүлний үзүүрийн 5 үе ясыг хамтад нь чанаж, шөлийг нь халуунаар оочиж уух

50гр монгол архинд бурам, шар тос хийж бүлээсгэж орой хий хөдлөх цагаар уух

Мөлжсөн ясыг 6 удаа чанаж, шөлөнд нь хоол хийж идэж бай. Арвижсан хий дарахаас гадна шүд, ясыг бэхжүүлнэ.

Өглөө хий босох цагаар 7 банштай шөл, борцтой цай уух

Хонины махтай гурилтай шөл

Адууны мөлжсөн ясны шөл

Халгайн зутан

Эдгээр хоолыг ээлжлэн хэрэглэж болно.

Хий босох цагууд:

Өглөө: 03.40-07.40

Орой: 17.40-19.40

Хийн цэгүүд:

толгойн чанх орой дээр байдаг цэг

2 чихний арын төвгөр

2 чихний нүх

2 чамархай

Хүн хонхор

Ооч

Эгэмний сэтэрхий

Эгэмний төвгөр

Хүйс

Умдаг ясны дээд тал

2 бөөр тушаа (араас)

Олон уулзах

Өвдөгний гадна, доод талд байдаг цэг

2 гарын алга, 2 хөлийн тавхай, хуруунуудын өндөг

Гарын шуу урд 1/3 (дотор талдаа)

эрхий, долоовор хурууны завсар байдаг цэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *