ӨГЛӨӨ ӨЛӨН ДЭЭРЭЭ ИХ ХЭМЖЭЭНИЙ УС УУХ НЬ ЗӨВ ҮҮ?
Буруу. Яагаад гэхээр ходоодны галын илчийг маш ихээр дардаг. Хүмүүст нэг түгээмэл ойлголт бий. Өлөн дээрээ 1-2 аяга хүйтэн ус уувал өтгөн сайн гараад гэдэс цэвэрлэнэ гэж.

Галын илчээ даран байж өтгөнөө гаргах хэрэггүй. Яагаад гэхээр, хүний өөрийнх нь бие зөвхөн өтгөнөөр хязгаарлагдахгүйгээр биеэс хэрэггүй бодисоо гадагшлуулдаг л системтэй шүү дээ.
Түүнийг заавал хүчээр гаргах гээд галын илчийг алдагдуулах нь буруу. Гол нь л улирал, цагтаа тааруулж зөв зохистой хооллох ёстой.

Хаврын улиралд бадган ихэсдэг учраас өглөө өлөн дээрээ бага зэрэг жамц давстай халуун бүлээн ус уувал ходоодны галын илчийг сэргээж өгдөг. Энэ нь бараг эм шиг үйлчилнэ.
Хоолны шингээлт муудсан үед 7-10 хоногийн турш өглөөдөө ингэж уугаарай. Бас хоорондоо үл зохицох идээ унд идсэн тохиолдолд “Жамц-4” танг буцалгаад уучихвал ходоодны шингээлтийг сайжруулна. Эс шингэх өвчин үүсэхгүй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Л.ЭНХ-АМГАЛАН
Та өдөрт хэдэн литр ус уудаг вэ? Гэртээ цэвэр усыг яаж хэрэглэдэг вэ? Хоол хүнсэндээ ямар ус хэрэглэдэг вэ? Ямар усыг хэзээ яаж уухаас шалтгаалж хүний биед өөр өөр үйлчлэл нөлөө үзүүлдэг байна. Тиймээс ус уух зөв хэвшлийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Ус уухын ач холбогдол
Хүний биеийн 70% нь шингэн төлөв байдаг. Энэ юу өгүүлж байна вэ гэвэл хүн уснаас бүрдэж шингэн төлөв дээр тогтдог гэсэн үг юм. Тиймээс эрдэмтэд усны бүтэц, ач холбогдлыг олон жил судласаар ирсэн. Усны гүйцэтгэх үүргүүд маш их байдаг. Хуримтлагдсан хорт бодисыг угаах, эсэд тэжээлийн бодисыг зөөвөрлөх, бодисын солилцооны урвалууд явагдах орчинг бүрдүүлэх гэх мэтээр үргэлжилнэ. Ус дутагдсанаар биед “усгүйжил” үүсч, үүнээс улбаалан бие махбодын бүхий л үйл ажиллагаа алдагддаг. Усгүйжил дөнгөж үүсч эхэлмэгц энерги багасан, ядрах шинж тэмдэг мэдрэгдэж эхэлдэг.
Цангаж, шингэний дутагдалд орсон үедээ цай, сүү, кофе, ундаа, жүүс зэрэг шингэн төрлийн бүтээгдэхүүн уухад амны цангааг бүрэн тайлдаггүй, биеийн шингэнийг огтхон ч нөхдөггүй. Харин шингэний дутагдлыг зөвхөн ус л нөхөж чаддаг болохыг эрдэмтэд нотложээ. Тиймээс та өөрийн бие организмын шингэнийг тогтворжуулъя гэвэл кофе, ундаа, жүүс зэргээс татгалзаж зөвхөн эрүүл, цэвэр усаа зөв ууж заншаарай.

Шингэний дутагдалд орох
Биед ус дутагдахад ам хатах, цусны даралт багасах, толгой өвдөх, толгой эргэх, арьс хуурайших, ядрах шинж тэмдэг илэрдэг. Та хангалттай ус ууж байгаа эсэхээ шалгахад маш амархан. Шээснийхээ өнгийг ажигла. Хэвийн бол цайвар, гэгээн шаргал өнгөтэй байна. Өнгө нь бараан болох тусмаа шингэн дутагдаж байгааг илтгэнэ.
Усыг хэрхэн зөв уух вэ?
Ус нь өөртөө байгалийн болон дамжлагын үед эсвэл хүний буруу үйл ажиллагааны улмаас бохирдсон байдаг тул олон төрлийн бактер агуулдаг. Тиймээс усыг заавал цэвэршүүлж, ариутгаж уух ёстой. Таны гэрт, ажил дээр ус шүүн цэвэршүүлэгч байхгүй бол та усыг заавал буцалгаж уух хэрэгтэй.

– Сайтар цэвэрлэсэн төмөр саванд усыг хийж 70С хэмд 30 минут буцалгахад өвчин, халдвар үүсгэгч бичил организмууд бүрэн устдаг.
– Харин 85С хэмд буцалгахад 3 минутын дотор бүх нян, вирус устаж ус цэвэршинэ. Энэ нь ихэнхи ус буцалгагчны үзүүлэлт байдаг.
– Буцалсан усыг галаас гаргаж хэсэг хугацаанд амраасны дараа хэл, ам түлчихээргүй халуун байхад нь ууж болно.
Халуун ус уухад өвчин намдааж бие тавируулах, гэдэсний дүүрэнгэ хөөх, тайвшруулах зэргээр хүний биеийн дотор эрхтэн, 5 цулд сайнаар нөлөөлдөг. Харин хүйтэн, бүлээн усыг уухдаа ихээр залгилан богино хугацаанд нэг дор уух нь зохимжгүй бөгөөд үр дүнгүй. Зөв уухын тулд бага багаар ойр ойрхон хэл тагнаандаа тарааж амтлаж уух хэрэгтэй. Ингэж ууснаар шингэний тэнцвэржилтийг хангаж, цусны эргэлтийг сайжруулж хүнийг ургамал мэт дотроос нь усалдаг байна.

Үүнийг өөртөө дадал болгохын тулд ямар ч үед биедээ ус авч явахыг зөвлөе. Түүнчлэн хэт хүйтэн ус уувал “ходоодны гал”-ыг бууруулах нөлөөтэй. Мөн хэт халуун зүйл уудаг хүмүүсийн улаан хоолой цочирсноос улаан хоолойн хавдар үүсэх урьдал нөхцөл болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Усыг дахин буцалгахад юу болдог вэ?
Усыг дахин дахин буцалгах нь усны зөв бүтцийг эвддэг тул та бүхэн нэг л удаа буцалгаж ууж хэвшээрэй.
Эхний удаа буцалгахад: Дэгдэмхий хийнүүд нь уур болон хийсэн хатуулаг нь багасах сайн талтай.

Хоёр дахь удаа буцалгахад: Усан дахь ашигт бодисууд өөрчлөгдөн нитрат, кальцийн давс, фтор зэрэг хорт нэгдэл бий болдог. Ийм ус нь бөөр, цөсөнд чулуу үүсгэх аюултай мөн хавдар үүсгэх эрсдэлтэй.
Гурав дахь удаа буцалгахад: Усан дахь фтор урвалд орж фторид буюу органик бус нэгдэл болдог. Фторид нь хүүхдийн мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж, оюун ухааны хомсдолд хүргэх аюултайг Харвадрын их сургуулийн эрдэмтэд нотолжээ.
Тиймээс ус буцалгахдаа дандаа шинэ ус буцалгаж байгаарай. Дахин бүү буцалга, хуучин усан дээр ч шинэ ус бүү хий. Усны хүнд жинтэй бодисыг савны ёроолд тунгаахын тулд усаа буцалгахаас хэдэн цагийн өмнө саванд хийж тавиарай.

Өдөрт хэр хэмжээний ус уух хэрэгтэй вэ?
Бид өдөр бүр амьсгал, хөлс, шээс, өтгөнөөр ус ялгаруулдаг. Бүтэц, үйл ажиллагааны хэвийн байдлаа хадгалахын тулд ялгаруулж байгаа шингэнээсээ багагүй шингэнийг нөхөж авах шаардлагатай. Усны өдөр тутмын хэрэгцээний стандартуудыг тогтоох судалгаануудын үр дүнгээс харахад насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 13 аяга буюу 3 литр, эмэгтэй хүн 9 аяга буюу 2.2 литр ус уухыг зөвлөдөг байна.
Дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлөрдөг хүмүүс стандарт хэмжээнээс илүү ус уух хэрэгтэй байдаг. АНУ-ын Mayo клиникийн судалгааны дүгнэлтээр 1 цагаас дээшгүй хугацаагаар дасгал хийдэг хүмүүс стандарт хэмжээн дээр 400-600 мл шингэн нэмэлтээр уух шаардлагатай гэсэн байдаг.

Гэхдээ энэ нь тухайн хүн дасгал хөдөлгөөний үеэр хэр хөлрөхөөс шууд шалтгаална. Спортоор хичээллэх үед хөлс энгийн дасгалуудаас илүү их ялгардаг. Мөн богино хугацаанд жингээ хасаж байгаа үед хөлсөөр эрдсүүд ихээр алдагддаг тул тамирчдын шингэн нөхөх бэлдмэлд нэмэлтээр Na /sodium/ хийж өгдөг. Хөлс ихээр ялгарч байгаа үед шөрмөс татах шинж нь эрдэс дутагдаж байгаагийн тод жишээ юм.
Цаг агаар, улирлын шинж мөн л усны хэрэгцээг тодорхойлох чухал хүчин зүйл. Халууны улирал, халаалттай байшинд байгаа үед энгийн үеэс илүү шингэн хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндийн байдал буюу зарим архаг хууч өвчний үед шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай болдог. Халуурах, бөөлжих, суулгах үед богино хугацаанд их хэмжээний шингэн алдагдана. Бөөр, давсагны үрэвсэл, бөөрний чулуу зэргийн үед шингэн нэмэлтээр уух зөвлөгөө өгдөг бол элэг, бөөр, бөөрний дээд булчирхайн гаралтай зарим эмгэгүүдийн үед шингэний хэмжээг хязгаарлахыг шаардана. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд мөн усыг нэмэлтээр уух шаардлагатай.

Уух шингэнүүдийг хэрхэн тохируулах вэ?
Уламжлалт анагаахын мэргэжилтнүүд нийт ууж байгаа шингэний 70% нь ус дангаараа байхыг зөвлөж байна. Үлдсэн 30%-д нь цай, кофе, сүү гэх мэтчилэн тооцно. Түүнчлэн усан дээр ямар ч төрлийн жимснээс багахан хэмжээгээр нэмж хийж уувал усны шимэгдэлт сайжирч, эд эсэд шууд хүргэдэг хэмээн зөвлөж байна.
Усыг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгохын тулд яах вэ?
Хэрвээ та өглөөгүүр кофе ууж дадсан бол дараа нь стакан ус заавал ууж байгаарай.

Өдрийн тогтсон нэг цагт ус ууж дадах хэрэгтэй.
Сайн чанарын усны сав сонгон уух цагаа тэмдэглэнэ. жишээ нь, зэвэрдэггүй, хөнгөн, бат бөх, танд өөрт тань таалагдсан саванд ундны усаа хийж биедээ байнга авч явж байна.
Сэрүүлэг тавих, өөрийнхөө дотоод дохиог сонсож сураарай. Ус уухаа мартаад байвал утсанд дээрээ сэрүүлэг тавиарай.
Шинэ дадал зуршилтай болох бас нэгэн шилдэг арга бол дотоод дохиогоо ажиллуулах. Жишээ нь, хэрвээ та өлсөөд байгаа мэт санагдвал стакан ус уугаарай. Нэг сумаар хоёр туулай буудна. Энэ нь өлсгөлөнгийн мэдрэмжээ дарахаас гадна ус уух дохиогоо сэргээнэ.

Ингээд хамгийн сүүлд хэлэхэд өдөр бүр ус уухынхаа өмнө уух усандаа хүслээ шивнэж, сайн сайхан мөрөөдөл, сайхан үгсийг хэлж шивнэж байгаарай. Ус өөрийн гэсэн бүтэцтэй амьд учраас таны хүсэл болон сайн сайхнаар цэнэглэгдэж таны биед орж эрч хүч өгөх болно.
