Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны 4р сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.

Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон бөгөөд 2012 оноос өмнө төрсөн бид өөрсдийгөө азтайд тооцох учиртай.
“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн.
Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох шийдвэр гаргаж, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 480 төгрөгийн ногдол ашиг олгох болсон юм.
Иргэд ETT нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг утсандаа татаж авснаар хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой гэсэн мэдээллийг компанийн зүгээс өгсөн. Иргэдийн тухайд хувьцааны дансаа баталгаажуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны дансаа баталгаажуулаагүй байгаа аж.

2012 оноос хойш төрсөн хүүхдэд 1072 хувьцаа олгох эсэхийг судалж байна
“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1072 хувьцаа эзэмшихгүй байгаа. Тэгвэл “Эрдэнэс -Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй.

Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэсэн юм.
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг гэр бүлийн гишүүд нь авна

1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэдэг асуултыг тавих иргэд байна. Тэгвэл нас барсан иргэний ар гэр, үр хүүхэд нь нас барсны бүртгэлд орсныг нь баталгаажуулсан бичиг болон өөрөө хүүхэд нь мөн гэдгээ баталгаажуулсан баримт бичгээ авчирч, өргөдөл гаргах ёстой аж. Тэгсэн тохиолдолд хувьцаа автоматаар өргөдөл гаргасан иргэнд шилжих аж. Түүнчлэн хувьцаа тухайн иргэний нэр дээр бүртгэгдсэн тохиолдолд ногдол ашиг авахад асуудал гарахгүй гэсэн үг юм.
Ингээд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа баталгаажуулахад хэрэгтэй мэдээллийг хүргэе.

НЭГДҮГЭЭР АЛХАМ
Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.

ХОЁРДУГААР АЛХАМ
Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 53 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.

ГУРАВДУГААР АЛХАМ
Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?

Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг манай сайт хүргэж байна.

Архангай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80956484
Баян-Өлгий – “Таван Богд ҮЦК”, Утас: 99089224
Баянхонгор – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80966484
Булган – “Булган Брокер ҮЦК”, Утас: 99195114
Говь-Алтай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80976484
Дархан-Уул – “Би Ди Сек”, Утас: 94082846, 70379007, “Дархан Брокер”, Утас 99103719
Дорнод – “Монсек”, Утас: 95040777
Дундговь – “Санар”, Утас: 99098709
Завхан – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80606484
Орхон – “Би Ди Сек”, Утас: 99072846
Өвөрхангай – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80986484
Өмнөговь – Нэйшнл Секюритис ҮЦК”, Утас: 89032443, “Батс ҮЦК”, Утас 99118082
Сүхбаатар – “Монсек”, Утас: 90110504, 95040777
Сэлэнгэ – “Масдак”, Утас: 99881008
Увс – “Тулгат Чандмань Баян”, Утас: 99459044
Ховд – “Бумбат-Алтай”, Утас: 70432166, 99968989
Хөвсгөл – “Гүүдсек ҮЦК”, Утас: 80546484
Хэнтий – “Өндөрхаан Инвест”, Утас: 9889 8481
Өнгөрсөн 2011 онд Засгийн газраас 98 дугаар тогтоол гарган 2011 оноос өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Иргэдэд хувьцаа гэж юу болох, ямар үр өгөөжтэй талаар мэдлэг боловсрол тааруу байсан ч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдвал энэ 1072 хувьцааг авах юм байна гэсэн ухуулгыг төрөөс хийсэн.
Тиймээс ч иргэний шинэчилсэн бүртгэлд иргэд маш богино хугацаанд идэвхтэй бүртгүүлсэн байдаг. 2012 оны сонгуулийн өмнөхөн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр сольж өгсөн нь иргэдэд итгэл төрүүлэв. Нэмээд бас оюутнуудын сургалтын төлбөрийг 1072 хувьцаанаас суутгаж төлсөн нь эрх баригчдын амласан 1072 хувьцаа нь хоосон зүйл биш юм байна гэсэн ойлголтыг улам төрүүлж чадсан.
БАЙДАЛ ХЭРХЭН ӨРНӨВ?
Эх орны хишиг гэх 1072 хувьцааг нэг сая төгрөг хэмээн Төрийн ордонд үнэ тогтоосон байдаг. Тиймээс дээрх хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг нээлээ гэж бодоход хувьцааны үнийг хөрөнгө оруулагч нарт хэрхэн тайлбарлах нь өнөөг хүртэл бүрхэг. Хамгийн гол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн үндсэн үйл ажиллагаа болох нүүрсний экспорт зогсонги байдалд орсноос хувьцааны нэгж үнэлгээ буурах эрсдэлд ороод байна.
Өнгөрсөн хэд хоногийн турш “Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв”-ийн гүйцэтгэх захирал А. Алтаншагай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1072 хувьцааг эргэлтэд оруулах, өмчлөх эрхийн хүрээнд олгогдсон арилжих, бэлэглэх, өв залгамжлуулах эрхийг нээхийг хүссэн иргэдийн өргөдлийг холбогдох төрийн байгууллагуудад шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийв.
Үүнтэй зэрэгцээд олон нийтийн дунд 1072 хувьцааг 850 мянган төгрөгөөр худалдан авч байна гэх цуу яриа ч гарсан бололтой. Өрхийн амьжиргаагаа арайхийн залгуулж буй иргэдэд энэ цуу яриа гэрлийн хурдаар тархаж хэдхэн хоногийн дотор 1072 хувьцаагаа баталгаажуулж авах иргэдийн урсгал огцом нэмэгдэв. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн Зохицуулах Хороо мэдэгдэл гаргасан ч асуудал шийдэгдэхгүй.
АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?
Энэ нь төрийн эрх баригчдаас хамаарна. Нэгэнт цаг хугацаа нь тулсан хэмээн одоогийн Засгийн газарт 1072 хувьцааг амилуулах техникийн болон эдийн засаг, санхүүгийн боломж байгаагүй гэлцдэг. Таван жилийн туршид ярьсан зүйлийг сүүлийн хоёр сард хийнэ гэдэг нь зангууны үлгэр.
Харин 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох намуудаас, тэр дундаа сонгуульд ялж Засгийн газар байгуулах нам, эвсэл энэхүү 1072 хувьцааг амилуулах үүргийг хүссэн хүсээгүй шууд хүлээнэ. Сонгуулийн үеэр ч иргэдээс ирэх асуулт 1072 хувьцаатай холбогдоно. Тиймээс 1072 хувьцааг амилуулах бодитой шийдэл, гарцыг олоход төрийн эрх барих улс төрийн хүчнүүд толгойгоо ажиллуулах хэрэгтэй болж байна.
Д.Ангар /Хөрөнгийн зах зээлийн шинжээч/