Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.

Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Учир нь хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн.
Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг. Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй.

Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй.
Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа. Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж, билгийн насаар хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгаа нь урьдчилан танин мэдэж, зан чанараа анхааран засч, засал ном дээрээ нэмж уншуулах хэрэгтэй.
Энэ туулай жилд Ши буюу үхэх жилийн нашидүрсэм засал хийлгэнэ. Үүнийг ямар жилтэй хүмүүс хийлгэх вэ гэхээр гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс байна. Гэхдээ энэ нь үхэх гэсэн утга биш. Та ажил үйлсдээ анхаараарай, нягт нямбай байгаарай. Ажил үйлсээ сайд тотгоргүй байлгахын үүднээс нашидүрсэмийн засал хийлгээрэй. Тэгвэл ажил үйлс нь энэ жил сайн явна.

Бусдад Туслахуй Анагаах ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан
Сүсэгтэн олны хөлд дарагдсан Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Тэнд очиход арц, хүжний өвөрмөц үнэр сэнхийж, буй бүхэн нь дээдсийг, хүрээг санагдуулна. Харин хурал хурдаг зааланд энд тэнд ганц нэгээрээ тарж суусан лам нарын өмнө голцуу настай хүмүүс сүсэглэн суух аж.

Алтанганжуур 20 мянган төгрөгийн үнэтэй
Гандангийн төв хаалгаар дотогш орж “Гунгаачойлин дацан”-д очлоо. Дацангийн үүдэнд олон хүн цугласан байв. Уртаас урт биш ч бас богинохон биш дараалал тэнд үүсчээ. 14.00 цагт хийд онгойж, бичүүлсэн номыг лам нар айлдах учраас иргэд ийн дугаарлажээ. Цаахнатай нь жижигхэн цонхон дээр иргэд номоо бичүүлэхээр дараалал үүсгэсэн харагдана. Тус цонхон дээр зарим номын үнэ тарифыг бичжээ.
Алтанганжуур- 20 мянга
Арванхангал-10 мянга

Данжуур- 6 мянга
Авидын чого- 5 мянга
Бурхан багшийн чого- 5 мянга
Цэвэгмэдийн чого- 5 мянга
Улаан юм- 5 мянга
Бизьяагийн дончид 5 мянга
Гурван гүрэм-1500

Далха-1000 гэх зэргээр ном тус бүр өөр өөр үнэтэй байв.
Өрхийн тэр жилийн буян заяаг даадаг гэдэг “Алтанганжуур” номыг иргэд олноор бичүүлж харагдана. “Гал бичин” жил бар жилтэй “их харш” учир бар жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишид буюу “бага харш”-д могой, гахай жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртай гэж “Цаг тооны бичиг”-т буусан. Тиймд бар жилтнүүд Далха тахиулж, үхэр, могой жилтнүүд суудлын засал хийлгэхээр жижигхэн цонхоор ном бичүүлэх аж.

Айл болгон тухайн жилийнхээ заслаа хийлгэх гээд багагүй зардал гаргадаг. Зарим сүм хийдийн ном хуруулах тариф нэмэгдсэн талаар иргэд хэлж байв. Нэг хүн заслаа хийлгэхэд дунджаар гурваас таван ном уншуулж байгаа аж. Энэ ойролцоогоор 2000-5000 төгрөг болно. Дээрээс нь засал ном хийлгүүлэх тавгийн идээ, архи зэрэг дагавар зүйлсийг нэмбэл нэг хүн дунджаар 7-10 мянган төгрөгөөр ном уншуулж байна.
Үүний дараа төв Гандангийн зарим зурхайч, лам нартай уулзаж шинийн 15-нд засал, номоо заавал хийлгэх учиртай эсэхийг тодрууллаа.

Бурханы шашинд тийм дэг жаяг байхгүй
/“Дамбадаржаалан” хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн/
-Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй. Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг.

Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ. Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна.
Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх албагүй
/Гандантэгчэнлин хийдийн Чогчин зурхайч Ш.Хүрэлбаатар/

-Шинйин 15-нд жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно.
Ер нь бол Монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан байгаа юм. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл, хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй.

Хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно
/Гандантэгчинлэн хийдийн лам Д.Цогтбаатар/
-Өнгөрч буй жилийн адаг сарын 24-нөөс хойш шинэ жилийнхээ заслыг угтаад хийлгэж болно гэж үздэг. Ер нь бол хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно. Шинийн 15-ны дотор хийсэн буян маш олон дахин арвиждаг гэж үздэг. Тиймээс шинийн 1-15-ны хооронд буяны зан үйл хийх нь зохилтой. Сүм хийдийн газар ирээд бурхан болсон аав ээж, настнууддаа буяны ном уншуулбал сайн. Ингээд зав чөлөө гарвал 15-даа багтаад заслаа хийлгэж болно. Түүнээс биш заавал 15-нд багтах ёстой гэсэн юм байхгүй.

Дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг
Сүсэгтэн Г.Олзбаяр: Буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэхийг хичээдэг. Тэгээд ч бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15- ңд хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсан хэмээдэг болохоор эдгээр өдөрт амжиж номоо хуруулахыг шамддаг юм. Би ч гэлтгүй бусад бүх хүн л амжиж заслаа хийлгэх гэдэг бололтой юм. Оочер, дараалал их л байна.

Өндөр настан Х.Цэндсүрэн: Шинийн 15-ны өдрөөс өмнө амжиж заслаа заавал хийлгэх ёсгүй, ер нь бол аль ч үед болно л доо. Цагаан сарын шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Тэр учраас энэ дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг. Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг учраас хүн бүхэн сайн үйл хийхийг шамддаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм.
Тиймээс хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг, тэр тусмаа шинийн 1-15-ны хооронд буян үйлдэхийг хичээдэг байсан нь ийм учиртай. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл улам илүү адис жанлавтай гэж бэлгэшээж заслаа хийлгэдэг юм.

Сүсэгтэн Д.Очирханд: Шинийн 15-нд амжаад номоо уншуулчихвал нэг л сайхан түшигтэй, хамгаалалтай байгаа мэт санагддаг. Сэтгэл дагаад ч тэр үү ажил үйлсэд ч эерэг нөлөөлж, тэр жилдээ л өнгөтэй өөдтэй явах шиг санагддаг шүү. Дөнгөж сая жилийнхээ заслыг 6000 төгрөгөөр хийлгүүллээ. Бурханы номонд сүсэглэж залбирч явах хэрэгтэй. Хүн өөрийн уншуулж буй номондоо эргэлзээ үгүй бат сүсэглэвээс бурханы номын адистад түргэн оршиж санасан хэрэг амар хялбар бүтдэг.
Ямартай ч заавал Шинийн 15-нд амжиж засал номоо уншуулах дэг жаяг байхгүйг бурханч лам нар хэлж байна. Харин иргэдийн ихэнх нь амжаад уншуулчихвал аз хийморь, буян хишиг дэлгэрдэг хэмээн сүсэглэх аж.

Тагтаа хооллохыг хориглосон ч, будаа зарагдсаар л…
Буцахаар алхаж явахад Гандангийн хашааны урдуурхан ээвийж бөөвийсөн хэдэн тагтаа будаа горьдох нь өрөвдмөөр. Өрөвдлөө гээд хооллож болохгүй. НМХГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу Гандантэгчэнлин хийдэд тагтаа шувууг хооллох, будаа зарахыг хориглосон.
Гандан хийдийн сангаст хөрсөнд байгаа нян бактери нь хүмүүсийн хөл, тагтааны нисэх үеийн хөөрөлтөөр агаар мандалд дэгдэж, амьсгалын замын олон өвчин дэгдээх эрсдэлтэй гэж үзээд буй. Гэсэн ч тэнд цугласан сүсэгтэн олон сурсан зангаараа тагтаа хооллож байв. “Будаа аваарай” хэмээн настайвар эгч танил төрхөөрөө жижигхэн бизнесээ эрхэлсээр л сууна.
