Categories
Uncategorized

СҮҮТЭЙ ЦАЙ НЬ ДАРХЛАА СЭРГЭЭХ, ТАМИР НЭМЭХ, ХИЙ ДАРАХАД МАШ САЙН. ЭМЧИЛГЭЭНИЙ ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ ЦАЙ ЧАНАХ ЖОРУУД. ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Сүүтэй цай

Цайгаа хүйтэн усанд хийж давстай уудаг бол давсаа хийж буцалсных нь дараа, шар тос эсвэл цөцгийн тос, сүүгээ хийн самарч болгоно.

Хийцтэй цай

Халуун тогоонд шар тос эсвэл нимгэн хэрчсэн хонины сүүл хайлуулан дээр нь бага зэргийн гурил цацаж хуурмаглаад идээшүүлж тунгаасан /шааргүй/ цайгаа хийж, сүүгээ нэмж самарч буцалгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Будаатай цай

Будаагаа /шар будаа ч болно/ угааж ууранд хийн нүдэх, эсвэл махны модон дээр элдүүрээр дарж бяцлаад цөцгийн тос юмуу сүүлэнд хуурч /бага зэрэг гурил цацаж өгвөл бүр сайхан болдог/ болгоод идээшүүлж шүүсэн цайгаа /хар, сүүтэй цай/ хийж зөөлөн гал дээр буцалган будаагаа болгоно. Будаатай цайг олон дахин сайн самарвал төдий чинээ амттай болдог.

Хонины сүүлтэй цай

Нимгэн хавгай хэрчсэн хонины сүүлийг тогоондоо хийж бага зэрэг хайрч, гурил будааны аль нэгийг нэмж дээр нь идээшүүлсэн хар цайгаа хийж сүлээд давсаар амталж сайн самарна.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Борцтой цай

Идээшүүлж тунгаасан цайн дээр нунтаг борц /нунтаг биш ч байж болно/ , сүү, давс, нэмж буцалгана. Мөн хийцтэй, будаатай цайнд ч борц хийж болно.

Халгайтай цай

5, 6 сард халгайг 4-6 салаа болтол дөрвөн хуруу орчим өндөр ургасан нялх үед нь түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч сүүтэй цайндаа хийж сайн самарч буцалгана.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Чөмөгний ястай цай

Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.

Сүүтэй цай бол монголчууд бидэнд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ундааны нэг бөгөөд малын сүүгээр сүлж, шар тос, хужир, давсаар баяжуулан хэргэлдэг бөгөөд тосорхог, тэжээллэг шинжээрээ бусад үндэстэний хэргэлдэг цайны төрлөөс өвөрмөгч ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны бус хоолны үүрэг гүйцэтгэдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Чингис хааны Эзэнт гүрний ивээл хамгаалал дор Хятадаас \Монгол гүрний нийслэл Хархорин хотоор дамжих Монгол зам гэж байсан гэж үздэг\ Европ хүрч байсан торгоны замаар торго, бөс даавуу, шүр сувд, цаас, шаазан ваар эдлэлүүд тээвэрлэгдэж байсны дотор цайны ургамал голлож байсан нь Монголд цай анх орж ирэх эхлэл болсон гэж үздэг.

УГСААТНЫ ЦАЙ ЧАНАХ УЛАМЖЛАЛТ АРГУУДААС

Угсаатнууд хирэм болон борцтой, хийцтэй, будаатай, шийртэй, ястай цай зэрэг 10 гаруй төрлийн цай чанаж хэрэглэдэг аж. Угсаатны цайны соёлын онцлог байдал, амт чанарын талаар сурвалжлав.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Торгуудууд эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг

Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг.Торгууд угсаатны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж.

Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Захчин угсаатан цай чанахдаа байгалийн давс ашиглав

Ховд аймгийн Үенч, Алтай, Манхан, Мөст, Зэрэг суманд “Захчин” угсаатан бий. Тэд энэ удаа хийцтэй буюу хариулсан цай чанав.

Хийцтэй цай чанахдаа, тогоонд сүүлний өөх, шар тос хийж хайлуулаад гурил цацаж тасралтгүй хутган шаргалттал нь хуурна. Гурилаа бөөгнөрүүлэхгүйгээр жигд сайн хуурах нь хийцэлсэн цайны гол анхаарах зүйл.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Хуурсан гурил дээр идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд, сайтар самарч буцалгаснаар амттай сайхан цай бэлэн болдог аж. Захчин иргэд байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Алтай сумын “Ёлхон” гэх газар ургадаг морол, жамц, цагаан, бор давс болон ургамлын үр жимс, нохойн хошуу, хөх тарианы гурил гэх мэтээр цайгаа хийцэлж амт оруулдаг бөгөөд энэ удаа цай чанахдаа байгалийн цагаан давс ашигласан аж. Мөн онцлох зүйл нь тогоогоо угаахдаа “дэрс”-ээр хийсэн угаалтуур ашиглаж байлаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Урианхайчууд тавласан цай чаналаа

Урианхай түмэн тавалсан болон хариулсан цай чанах агаад хариулсан цайг хоолны ороор хэрэглэх, хээр гадаа удаан хугацаагаар явж байгаа, мал хариулахаар явах гэж байгаа хүнийг цайлдаг ажээ.

Тавласан цай гэдэг нь сүүгээ хийлгүйгээр цайгаа идээшүүлж, буцааж юүлээд, сүүгээ тусад нь буцалгаж, улмаар нийлүүлсний дараа тос орхиж, 21 удаа самарч болгоод, галын бурхан, байгаль дэлхий, тэнгэр хангайдаа өргөсний дараа гэрийн эзэд хийгээд зочдод аягалан барьдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Цэцэг, Чандмань сумын иргэд “Халх” угсаатны цай чанаж, зочидоо дайлав

Халх угсаатан нь зон зутантай цай, хийцтэй цай, бантантай цай, гурилтай цай, толгойтой цай зэрэг олон төрлийн цай чанадаг аж.

Тэд хийцэлж тавалсан цай чанасан байв. Энэ цай нь эмчилгээний шинж чанартай, хий хуй дардаг, ядаргаа тайлдаг ид шидтэй гэнэ. Учир нь сүүлний өөх, гурил, борц, шар будаа зэрэг шим тэжээлт зүйлээр хийцэлжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Дашрамд сонирхуулахад, хонины толгойтой цай хийхийн тулд толгойг хуйхалж тусад нь хоёр цаг битүү чанаж болгоод, дараа нь цайндаа хийж, мөн идээ, давс, айргийн шар тос, хонины сүүл зэргээр хийцлэн, 108 удаа самарч болгодог аж.

Дөрвөдүүд хонины шийртэй хийцэлсэн цай чанажээ

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Дөргөн сумын дөрвөд угсаатны хувьд хонины шийртэй хийцэлсэн цай чанасан байна. Хонины шийрийг тусад нь битүү чанаж болгоод, идээшүүлсэн цайндаа хонины сүүл, шар тос, арвайн гурил орхиж буцалган, ядаргаа тайлах эмчилгээний чанартай аагтай цай болгодог уламжлалтай гэнэ. Мөн хийцтэй, зутантай, будаатай гэх мэт бусад төрлийн цайг ч бас чанадаг

Мянгадууд ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Мянгад сумын мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг.

Мөн халгайтай цай чанахдаа, хавар, зуны улиралд таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн гэнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгаж чанана. Ингэж буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-182-1024x530.png

Энэ цай хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй гэнэ. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *