Энэхүү жор нь элэг болон нойр булчирхайг цэвэрлэхэд тустайгаас гадна цусан дахь холестрины түвшинг хэвийн хэмжээнд барьж, өтгөн хатахаас сэргийлдэг. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих болон мэдрэлийн системийг сайжруулдэг хэмээн эмч нар үздэг.

Уг гайхалтай жорыг бэлтгэхэд танд ердөө л буцламгай халуун ус 350 мл, 1.5 амны халбага овъёос хэрэгтэй.
Овъёосоо сайтар угаагаад аяганд хийж дээрээс нь буцламгай халуун усаа нэмнэ. Ингээд 12 цагаас багагүй хугацаанд байлгаад усаа шүүж авна. Өглөө болон орой бүр юм идэх эсвэл уухынхаа өмнө 1 аягаар ууж хэрэглэнэ. Ундаагаа бүлээсгэж уухыг сануулъя. Үр дүнг нь сайн мэдрэхийн тулд энэхүү бэлдмэлээ дор хаяж жилийн хугацаанд хэрэглэх шаардлагатай.

Эрүүл мэнд гэдэг нь хүн бүрийн хувьд хамгийн чухал зүйл билээ. Бид өвчин зовлонгоос холуур тойрч гарах юмсан хэмээн боддог боловч, үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай. Харин та одооноос ч болов, хамгийн чухал эрхтнүүд болох элэг болон нойр булчирхайг хамгаалж, эрүүлжүүлэхэд тустай хоол хүнсийг хэрэглэж, эрүүл мэнддээ анхаараарай.
1. Хүрэн манжин болон луувангийн шүүс
Гепатит буюу элэгний үрэвсэл, элэг өөхлөх зэрэг өвчний үед хүний элэг томордог байна. Харин энэ тохиолдолд та эрүүл мэндэд тустай ногооны шүүсийг уух хэрэгтэй. Энэ ньэлгийг хэвийн байдалд шилжихэд туслах төдийгүй нойр булчирхайнд ч сайнаар нөлөөлдөг байна.

Орц:
Хүрэн манжин – 1/4
Лууван – 1 ширхэг
Нимбэгний шүүс – 5 хоолны халбага
Ус – 200 мл
Бэлтгэх арга:
Эхлээд хүрэн манжин болон луувангаа угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэж хэрчээд, блендэрт хийгээрэй.

Дээр нь нимбэгний шүүс болон усаа нэмж хийж эргүүлээрэй.
Ингээд л таны шүүс бэлэн болох бөгөөд үүнийг өглөө бүр уух хэрэгтэй.
2. Ургамлын цай
Ургамлын цай нь өвчин тусах магадлалыг бууруулж, дархлааны системийг сайжруулдаг бөгөөд элэг болон нойр булчирхайны үйл ажиллагааг дэмждэг байна.
Зөвхөн элэг, нойр булчирхай гэлтгүй биеийн бүхий л хэсэгт ижилхэн сайнаар үйлчилдэг.

Антиоксидантаар баялаг тул, элэг өөхлөх өвчнөөс сэргийлж, элэгний эсийг нөхөн сэргээдэг байна.
Та өдөрт 1 аяга цай ууж байхад хангалттай.
3. Авокадо
Авокадо нь элэг болон нойр булчирхайнд хамгийн сайн нөлөөг үзүүлдэг жимс юм. Найрлаганд нь агуулагдах “глутатион” бодис болон С, Е витаминууд нь элэгний гэмтсэн эд эсүүдийг сэргээдэг байна.

Үүнээс гадна элэг болон нойр булчирхайн дахь хорт бодисыг гадагшлуулдаг төдийгүй судасны хана хатуурахаас сэргийлж, холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг аж. Та тус жимсийг европ жимс худалдаалдаг зах, үйлчилгээний газруудаас авах боломжтой.
4. Маалингын тос
Маалингын тос нь хүний эрүүл мэндэд онцгой тустай бүтээгдэхүүн билээ. Ялангуяа элэг болон нойр булчирхайнд онцгой нөлөө үзүүлдэг байна.
Та энэхүү тосыг хоол хуурах, салат амтлах зэрэгтээ ашиглаж болох юм.

Маалингын тос нь, дотоод эрхтэнд үүссэн үрэвслийг намдааж, хорт бодисуудыг гадагшлуулдаг байна.
5. Үр тариа
Үр тариа нь уураг, эрдэс бодисоор баялаг болохыг бид сайн мэднэ. Харин үүнийг идэж хэрэглэснээр, элэг болон нойр булчирхайн өвчлөлөөс сэргийлж чадах аж.
Шар будаа, гурвалжин будаа зэргийг түлхүү хэрэглээрэй.
Эдгээр нь хоол боловсруулах системийг дэмжиж, холестрины түвшинг бууруулах төдийгүй зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг.

Та өдөр тутамдаа эдгээр хүнсийг хэрэлэж, эрүүл мэндээ аварч үлдээрэй.
6. Артишок
Артишок нь амт чанар сайтай төдийгүй ямар ч хоолтой төгс зохицдог.
Артишок нь элэг, нойр булчирхай, цөс зэрэг эрхтэнд онцгой нөлөө үзүүлж, эрүүлжүүлдэг билээ.
Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, элэг өөхлөх аюулаас сэргийлэх төдийгүй үрэвслийг намдаадаг.

Үүнээс гадна биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг байна.
Та оройн хоолондоо артишокыг оливын тос, цагаан цуу, нимбэг зэрэгтэй хослуулж, идээрэй. Мөн тус ногоо нь шингэн хэлбэрээр аптек, эмийн сангуудаар худалдаалдаг.
7. Папаяа жимс
Папаяа жимс нь сайхан амтнаас илүүтэй эрүүл мэндэд тустай гэдгээрээ алдартай.
Харин үүнд агуулагдах “криптоксантин” бодис нь цусан дахь холестрины хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Мөн элэг болон нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, идэвхижүүлдэг. Та тус жимсийг европ жимс худалдаалдаг зах, үйлчилгээний газруудаас авах боломжтой.

“Нойртой болоод”,”саахартай болоод” гэж өөрт нь огт байдаггүй юм өөрийг нь олоод ирчихсэн мэтээр бид ярих. Нойр булчирхай нь өвдөж мэдрэгдээд эхлэхэд “нойртой болов” гэнэ. Харин саахартай болно гэдэг нь цус нь саахар ихтэй байдаг болсон хүний үг. Саахар гэхээр нөгөө элсэн чихэр маань бодогдох нь энүүхэнд.
Тэгвэл нойр булчирхайтайгаа танилцъя
Хүний биеийн хамгийн том булчирхайнуудын нэг нойр булчирхай нь үнэн хэрэгтээ нэг эрхтэнд орших хоёр булчирхай юм. Түүний бараг бүх эс нь шүүрүүлэх ажил эрхэлдэг. Энэ эрхтний нэг үүрэг нь дааврууд /гормон/ ялгаруулдаг дотоод шүүрлийн булчирхай. Эдгээр даавраас хамгийн чухал нь инсулин. Хоёрт гэвэл цус руу ялгаруулдаг даавруудаас илүүтэйгээр гэдэс рүү /эсвэл бие махбодын бусад хөндий рүү/ шүүрэл ялгаруулдаг гадаад шүүрлийн булчирхай.

Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсэгт нурууны наана хүний биеийн гол тараагуур судас, хураагуур гол судсан дээр хөндлөн байрладаг. Нарийн гэдэсний хамгийн дээд хэсэг болох 12 хуруу гэдэс нойр булчирхайн толгой хэсгийг тойрч бэхлэгддэг.
Нойр булчирхайн бүтцийн үндсэн хэсгүүд нь ацинус буюу дэлбэнгүүд юм. Эдгээр нь жижигхэн цоргоны мухар төгсгөлийг тойрон байрлаж шүүрэл ялгаруулагч эсүүдийн бөөгнөрөл.Цорго бүр бусад дэлбэнгүүдийн цоргонуудтай нэгдсээр бүгд нойр булчирхайн голоор дайран өнгөрдөг гол судсанд нийлнэ.
Эрүүл нойр булчирхай нь фермент гэж нэрлэгддэг, хоолны холимгийг задлах урвалуудыг хурдасгагч шүүрлүүдийг “үйлдвэрлэж” гэдэс рүү явуулдаг.

Архи, согтууруулах ундаа ихээр уух,хоол боловсруулах бусад эрхтнүүдийн эмгэг, хооллолтын буруу дадал зуршлууд зэрэг шалтгаанаас нойр булчирхай хэлмэгддэг. Түүнээс гадна нойр булчирхайн хорт хавдар, гэмтэл, чихрийн шижин, хэт даарах зэрэг нь нойр булчирхай үрэвсэхэд хүргэнэ. Нойр булчирхайн үрэвслийг панкреатит гэж нэрлэдэг.
Энэ өвчний үед түүнийг үүсгэсэн шалтгаанаас үл хамааран, нойр булчирхайн боловсруулж буй ферментүүд нь өөрийнхөө эдүүдийг боловсруулдаг болдог учир эрхтэн өөрөө өөрийгөө гэмтээж эхэлдэг.

Панкреатит нь ихэвчлэн өөр өвчнийг дагалдан үүсэх бөгөөд ходоод гэдэсний төрөл бүрийн өвчний явцыг хүндрүүлдэг. Хурц, архаг гэсэн хэлбэртэй. Элэг цөсний замын эмгэг өөрчлөлтүүд, ходоод, 12 хуруу гэдэсний шарх, буруу хооллолт, удаан хугацаагаар хоосон явах болон нэг дор хэт их идэх, унтахын өмнө хүнд хооллох зуршил зэрэг нь хурц хэлбэрийн үрэвслийн шалтгаан болдог. Энэ үед нойр булчирхайн шүүрлүүд гэдэс рүү хэвийн урсан орохгүй болж, түүний цорго руу 12 хуруу гэдсэн дэх холимогоос өгсөж ордог болдог. Ингэснээр цус хуралт, үхжилт үүсэн томорсоор булчирхай хатуурдаг. Үхжилийн голомт идээлж болно. Цөсний чулуутай буюу хэт тарган хүмүүсийн нойр булчирхайн өөхөн эдүүд үхжих хэлбэр бас байдаг.

Нойр булчирхайн архаг үрэвсэл нь хурц үрэвсэл архагшсанаас буюу элэгний циррозын үед үүсдэг. Гэмтсэн нойр булчирхайд холбогч эдүүд үүсэж, булчирхай хатигиршиж эхэлдэг. Ингэснээр чихрийн шижин үүснэ.
Хэвлийн дээд хэсгээр цочир өвдөх нь нойр булчирхайн архаг үрэвслийн үндсэн шинж тэмдэг. Шархирах буюу хурцаар хатгаж өвдөх бөгөөд ихэнхдээ зүүн сүвээгээр мэдрэгдэнэ. Зарим тохиолдолд баруун сүвээ рүү ч мэдрэгдэж, тэрч байтугай бүсэлж өвдөж болно. Өвдөлт ихэвчлэн хоол идсэний дараа хүчтэй болох бөгөөд халуурч, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг дагалдах нь элбэг.

Хурц өвдөлт нь маш их хүчтэй бөгөөд өвчтөн тасралтгүй огиж бөөлжин, биеэр нь тууралт гарч, зүрхний хэм алдагдан, халуурч, хөл гар нь хөрөн наалтамтгай хөлс чийхарна. Хүнд тохиолдолд цус ихээр алдаж шоконд эсвэл комд ордог.
Энэ өвчний эмчилгээ нь нойр булчирхайгаар дамжин өнгөрөх цус, бусад шингэний хэмжээг хэвийн байлгах, өвчин намдаах, нойр булчирхай өөртөө хор хүргээд байгаа өвөрмөц ферментүүдээ боловсруулахыг нь багасгахад чиглэгддэг.

Архаг үрэвсэлтэй хүмүүс өвчнөө хөдөлгөхгүйн тулд өөх тостой хоолноос зайлсхийх ёстой. Боорцог, хуушуур зэрэг тосонд чанасан хүнс, шарсан хоол, өөхтэй тарган мах, борц, боодог, хорхог, өтгөн сүүтэй болон хийцтэй цай, самар, цөцгий, зөөхий, төрөл бүрийн сүмс, самрын тос, шарсан төмс, төмсний чипсээс татгалзах нь дээр. Гэхдээ тослог багатай хоол нь уураг, нүүрс усыг шаардлагатай хэмжээгээр агуулах учиртай.
Архаг панкреатитын үед ферментүүдийг гэдэс рүү оруулдаг сүв бөглөрдөг тул хоол боловсруулалт хямарч, бие махбод эрчим хүчээр дутагддаг. Харин доорх зөвлөгөөг тууштай дагаж чадвал өвчнөөсөө салахад их тустай.

Жимс ногоо
Ихэнх жимс, жимсний шүүс, чанасан төмс идэж болно.
Хятад байцаа, бөөрөнхий байцаа, сонгино, сармис, ногоон чинжүү, шар манжин, улаан, цагаан лууван, бууцай, хурган чих, даршилсан байцаа, мөөг, ногооны шөлнөөс татгалзана.
Уурагт хүнс
Хүйтэн сэрүүний улиралд өдөрт 200 грамм орчим өөхгүй мах/малын, загасны, шувууны аль нь ч болно/, ясны буюу махны тунгалаг шөл, машиндаж цөцгийг нь ялгасан тослоггүй сүү, өрмийг нь авсан хөөрүүлсэн сүү, тослог багатай ээдэм, ээзгий, хөөрүүлсэн сүүний бяслаг, исгэлэн биш ааруул /чихэргүй/, өндөгний цагаан, түүнчлэн шар буурцаг, түүний сүү, тараг, бяслаг /дүүфүү/, урин дулаан цагт цагаан идээгээ голлон иднэ.

Тарган мах, хиам, консерв, утсан, давсалсан мах, шууз, хорхог, боодог, өтгөн шөл, 2%-аас тослогтой өтгөн сүү, тослог өндөртэй сүүгээр хийсэн цагаан идээ, мөхөөлдөс, шош, вандуй, самарнаас татгалзана.
Гурилан бүтээгдэхүүн, будаа
Буудайн нэгдүгээр, хоёрдугаар гурилаар хийсэн хүнс, ”Тамир” гэх мэт үр соёолжны талх, хатаасан талх, сухарь, бүтэн будаанууд, нэвснүүд идэхийг зөвшөөрдөг.
Дээд гурилан хүнс, чихэр, тос ихтэй талх, нарийн боов, хар талх, хүнсний түүхий хивэг хориотой.

Чихэрлэг зүйл,ундаа
Желатинтай чихэр, чихэр багатай мармелад, кисель, жимсний желе, чихэр багатай жимсний гэрийн чанамал,зөгийн бал,бурам хааяа тун бага идэж болно.
Шоколад, шоколадтай чихэр, самар, цөцгий, кокосын самартай, тос ихтэй амттан, бялуу идэж болохгүй. Архи,согтууруулах ундаа, кофеин агуулсан унд/кофе, какао, цай, кола г.м/, хийжүүлсэн ундаа, консервант агуулсан жүүс уухгүй.

Эмчилгээ сувиллын хооллолтод тухайн хүний нас, хүйс, цусны бүлэг, тухайн цаг үе дэх биохэмнэл, ажлын нөхцөл зэрэг хүчин зүйлүүд шийдвэрлэх нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.
Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүнд нэн зохимжтой унд бол шар буурцгийн сүү юм. Түүнийг өөрт таарч тохирох жимс, ногоотой холин ууж болно.
Нойр булчирхайгаа гэмтээчихээд засна гэж үйлээ үзэж байснаас гэмтээхээс урьдчилан сэргийлж, хорлон сүйтгэх ажил хийхгүй, өөрөөр хэлбэл хүүхдийг төрсөн цагаас нь зохистой хооллуулж, зөв сонголттойгоор амьдрах саруул ухаан, эрүүл хүсэлтэй болгох нь ашигтай хувилбар ажээ.
“ВИП” клуб ТББ-ын тэргүүн Б.Гэрэлмаа
Эрүүл амьдралын үндэс 3: Нарийхан бэлхүүсний нууц