Витамин С зохистой хэрэглэвэл олон талын ач тустай. Жишээлбэл, дотор өөх шатахад оролцдог л-карнитин нийлэгжихэд, арьс толигор байлгадаг коллаген уураг нийлэгжихэд, хоолны дуршил бууруулах нейротрансмиттер үүсэхэд, судасны хананы бүтцийг сайжруулахад, цусны даралт тогтворуулахад, төмрийн шимэгдэлтийг сайжруулахад, халдварын эсрэг дархлааг дэмжихэд зэрэг олон эерэг үйлдэлтэй. Иймийн учир “Ковид-19” цар тахлын үед сэргийлэх болон эмчилгээний удирдамжинд витамин с зайлшгүй орж байгаа билээ.

Харин зохисгүй хэтрүүлэн хэрэглэвэл дараах сөрөг нөлөө гарч болно. Үүнд, Витамин С нь аскорбины хүчил тул хоол идсэний дараа хэрэглэхгүй бол ходоод цочрох, удаан хугацаанд өндөр тунгаар (хоногт 2000мг-аас дээш) хэрэглэх үед оксалатын бөөрний чулуу үүсэхийг дэмжих, төмрийн шимэгдэлт ихэссэнээс цус өтгөрөх зэрэг сөрөг талууд үүсч болзошгүй. Иймд зохистой хэрэглэх нь чухал.

Энгийн үед насанд хүрэгчдэд хоногт 90-100мг, жирэмсэн хөхүүл эхчүүдэд хоногт 120 мг, өсвөр насныханд хоногт 70-80мг, бага насны хүүхдүүдэд хоногт 30-50мг тун витамин с зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Харин орчны бохирдолтой нөхцөлд ажиллаж амьдардаг, архи тамхи хэрэглэдэг хорт зуршилтай хүмүүст дээрх тунг нэмэгдүүлж хоногт авах хэрэгтэй гэж үздэг. Иймд гэр бүлийн хэрэгцээнд витамин с хэрэглэхдээ нэгж ширхэгтээ тун багатайг сонгох нь тун хэмжээг зохицуулахад амар байдаг.

Frederick Robert Klenner биологоор магистр хамгаалсныхаа дараа 1936 онд Duce University-г төгсөж эмч мэргэжилтэй болжээ. Хойд Каролины Reidsville хотын эмнэлэгт пульмонолог эмчээр ажиллаж байхдаа судалаа хийж ш/у-ны доктор цолтой болсон ба С-витамины мега дозоор олон өвчнийг анх удаа эмчилж анагаах ухаанд цоо шинэ эмчилгээний арга бий болгосон гавьяатан юм.

Кленнер эмч 1948 онд өөрийн 2 охиноо улаан бурхан өвчнөөс эмчилсэн байна. С-витамин 1 гр-г 2 цаг тутамд уулгахад 4 өдрийн дараа бүх шинж тэмдэг нь арилж ямарч зовиургүй болж эрүүл болсон байна. 1951 онд 10 сартай улаан бурхнаар өвчилсөн хүүхдийг эмчилсэн тухай бичсэн гэнэ. Хүүхдийн нүд хоолой нь улайж, өндөр халуурч(40,5’С) ханиалгаж, хамраас нь нус гоожиж биеэр нь тууралт гарсан байсан гэнэ. Энэ хүүхдэд С-витамин 1 гр-р 4 цаг тутамд булчинд нь тарьсан ба 12 цагийн дараа нүд, хоолойн улайлт багасч халуун нь бууж хэд хоногийн дараа хүүхэд эрүүл болсон байна. Кленнер эмч халуунтай хүүхдэд халууны эм өгдөггүй байсан ба халуун нь буувал вирусын довтолгоог зогсоож чадлаа гэж үздэг байв.

Яг энэ аргаар салхин цэцгийг эмчилдэг байсан байна. Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалж 1-2 гр С-витаминыг 2 цагийн зайтай булчинд нь тарьдаг байсан ба халуун буусны дараа 4 цагийн зайтай тарьдаг байв. Арьсан дээр гарсан тууралт нь 2 хоногийн дараагаас хатаж эхэлдэг байсан гэнэ. Эмчилгээ 4-5 хоног үргэлжилдэг байсан байна. Энэ аргаар томуу болон вирусын хатгалгааг бас үр дүнтэй эмчилдэг байжээ.

Гахайн хавдар бас вирусээр үүсгэгддэг өвчин. 1949 онд хамаатныхаа 3 хүүхдийг уг өвчнөөр өвчлөхийг нь ажигласан тухайгаа бичсэн гэнэ. 7 настай хүүг уламжлалт аргаар эмчилж аспирин уулгаж, камфорын тосоор эрүүн доорхи булчирхайд нь жин тавихад 7 хоногийн дараа эдгэрсэн байна. 11 настай хүүхдэд ямарч эмчилгээ хийхгүйгээр булчирхай нь хавдаж хамгийн том хэмжээнд хүрэнгүүт 1 гр С-витамин 2 цаг тутамд булчинд нь тарихад 48 цагийн дараа бүрэн эдгэрсэн байна. Гуравдахь хүүхэд нь 9 настай эмэгтэй хүүхэд бөгөөд С-витаминыг өвчин эхлэнгүүт шууд 1 гр-р 4 цагийн зайтай судсанд нь хийсэн ба 72 цагийн дараа охин бүрэн эдгэрсэн байна. Зарим тохиолдолд гахайн хавдар, улаан бурхан юмуу өөр өвчинтэй хавсарсан байдаг ба ийм үед С-витаминаа 2 дахин их дозоор хийхэд хүндрэлгүй эдгэрч байжээ.

Дифтери-бактериар үүсгэгддэг ба энэ бактерийн ялгаруулсан хор нь зүрх мэдрэл, бөөрийг гэмтээдэг ба өвчилсөн хүмүүсийн 5-10% нь нас бардаг байж. Дифтеритэй хүүхдүүдэд С-витаминыг 1-2 гр-г булчинд юмуу судсаар нь 2 цаг тутамд хийдэг байжээ. Тухайн үед уг өвчнийг антибиотикоор эмчилдэг байсан ба С-витаминаар эмчлэхэд үүнээс 2 дахин богино хугацаанд эдгэрдэг байжээ. Энэ өвчний үед стрептококк, стафилококк-н хавсарсан халдвар авч үхэлд хүргэдэг байсан боловч С-витаминаар үүнийг маш амжилттай эмчилж болохыг баталсан байна.

Коклюш-бактериар үүсгэгддэг хүүхдийн халдварт өвчин ба үүнийг дифтеритай адилхан аргаар С-витаминаар эмчлэхэд үр дүн өгдөг байжээ. 1948 онд вирусын хатгалгаа авсан 42 хүүхдийг эмчилсэн тухай бичсэн гэнэ. С-витаминыг 1-2 гр судсаар 4-6 цагийн зайтай хийж бүх хүүхдийг эмчилсэн байна. Томуугийн дэгдэлтийн үед менингит бас тохиолддог байжээ.
1960 онд 58 настай эмэгтэй 10 хоног толгой нь маш хүчтэй өвдсөн, цээжээр нь хатгуулна, ханиалгана гэсэн зовиуртай ирсэн байна. Кленнер эмч үзээд вирусын хатгалгаа+менингит гэсэн онош тавьж 25 гр С-витамин 8 цагийн зайтай судсаар нь хийж, 4 цаг тутамд 4 гр С-витамин уулгасан ба 24 цагийн дараа баруун гар, хөл нь мэдээгүй болж, эмчилгээгээ үргэлжлүүлсээр 2 хоногийн дараа гар хөлний мэдээ нь сэргэж хэд хоногийн дараа эрүүл болсон байна. Кленнер эмч 22 настай хагас ухаантай, хамаг бие нь хөшчихсөн, толгой нь маш хүчтэй өвдөнө гэсэн зовиуртай залууг хүлээн авчээ. Гэрийнхэн нь сүүлийн хэд хоног толгой нь хүчтэй өвдөж байснаа ухаан алдсан гэж хэлсэн байна. Авчирсан түргэний эмч нь нас барчих шиг боллоо гэж бодсон гэнэ. Энэ өвчтөнд бас менингит гэсэн онош тавьж 100гр С-витамин судсаар нь хийж эмчилсэн ба хэд хоногийн дараа залуу эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Нэг удаа 19 сартай вирусын менингиттэй хүүхдийг эмчилсэн байна. 2 долоо хоногийн турш бага зэрэг ханиадтай байснаа 1 хоногийн өмнөөс халуурч эхэлсэн гэж эцэг эх нь хэлсэн байна. Мөр болон хөлөн дээр нь тууралттай байсан ба Кленнэр эмч анх хараад тураалтай, хөшчихсөн хүүхэд гэж бодсон гэнэ. Хүүхдийг үзэхэд бүх бие нь хүйтэн, хүүрийн толбо гарсан, ухаангүй, хамраас нь идээтэй нус гарч, хоолой нь улайсан байсан гэнэ. Хүүд С-витамин 1 гр-р 4 цаг тутамд булчинд нь тарьсан ба эхний тариаг хийхэд ямарч хөдөлгөөнгүй байсан ба баруун гар хөл нь мэдээгүй болсон байжээ. 1 хоногийн дараа гар хөл нь мэдээ орсон ба хэд хоногийн дараа бүрэн эдгэрсэн байна.

Кленнэр эмч полимиелиттэй 60 хүүхдийг ямарч үлдэгдэлгүй эмчилсэн байна. Энэ өвчний үед өндөр халуурч 38-40’С, толгой нь өвдөж, нүд хоолой нь улайж, дотор нь муухайрч, зарим нь бөөлжиж, хүзүү далны хооронд эсвэл ууц нуруу орчимд өвдөж нэг юмуу хэд хэдэн үе нь өвддөг байна. 4 хүртэлх насны хүүхдэд 1-2 гр С-витаминыг булчинд нь 2 цаг тутамд тарихад халуун нь голдуу эхний 24 цагт бууж байсан ба халуун нь буусны дараа 6 цагийн зайтай С-витамин дараагийн 48 цагт хийдэг байсан ба 72 цагийн дараа ихэнх хүүхдүүд нь зовиургүй болж байжээ. 3 хоногийн дараа С-витаминаа 8-12 цагийн зайтай булчинд нь хийдэг байв.

1951 онд 5 настай полимиелит өвчтэй 4 хоногийн өмнөөс доод мөч нь мэдээгүй болсон охиныг Кленнер эмч хүлээн авахад баруун хөл нь бүрмөсөн мэдээгүй болсон, зүүн хөл нь 85% саатай болсон байсан ба 4 эмч полимиелит гэсэн оношийг баталсан ба хүүхдийг зөвхөн масаж, С-витаминаар эмчилж 4 хоногийн дараа хүүхэд хөлөө дөнгөж хөдөлгөж эхэлсэн ба 1гр С-витаминыг 2 цаг тутамд соктой хольж уу гэсэн заавар өгч хүүхдийг эмнэлгээс гаргасан ба 11 хоногийн дараа хөл дээрээ явж эхэлсэн ба 19 хоногийн дараа бүрмөсөн эдгэрсэн байна. Гэдэсний халдварт өвчнүүдийн үед С-витаминыг судсаар юмуу булчинд тарьж амжилттай эмчилж байжээ. Малари өвчнийг ч бас энэ аргаар үр дүнтэй эмчилж болдог байна.

Элэгний хурц үрэвслийг Кленнер эмч 500-700мг/кг С-витамин судсаар нь 8-12 цагийн зайтай хийхийн хамт бас уулгаж 2-4 хоногт амжилттай эмчилж байжээ. Эмчлүүлсэн өвчтөнүүд нь эмнэлгээс гараад ажилдаа шууд ордог байжээ. 22 настай эрэгтэй өндөр халуунтай байсан ба Кленнер эмч хоногт 22,5 гр С-витамин судсаар хийж, 30 гр-г уулгасан ба 6 хоногийн дараа залуу эдгэрч эмнэлгээс гараад ажилдаа орсон гэнэ. Өөр нэг шарласан эрэгтэй өвчтөнийг хоногт 28 гр С-витамин судсаар хийж, 15 гр С-витамин уулгаж 6 хоногт эмчилсэн байна. Тэр үед шарласан өвчтөнүүдийг хөдөлгөөнгүй хэвтүүлж 3 долоо хоног эмчилдэг байжээ. Dr.Cathcart эмч Кленнер эмчийн туршлагаар С-витамины мега дозоор эмчилдэг байсан ба элэгний хурц үрэвслийг бас С-витаминаар эмчилсэн ба С-витамины эхний тунгаас эхэлж трасаминаза бууж эхэлдэг болохыг анзаарсан бөгөөд С-витаминаар эмчлүүлсэн элэгний хурц үрэвсэл архаг хэлбэрт шилждэггүй болохыг баталж, өнөөгийн Америкийн эмнэлгүүд ийм үр дүнтэй эмчилгээг хэрэглэхгүй байна гэж бичдэг байжээ.

1971 онд Кленнер эмч архины хордлогод орсон ухаангүй байгаа хүнийг 40 гр С-витамин, В1 витаминтай хамт судсаар нь хийж үхлээс аварсан байна. Нэг удаа Кленнер эмчид ухаангүй тээврийн жолоочийг авчирсан байна. Хүйтэн өдөр зам дээр машин нь асаалттай, цонх нь хаалттай, жолооч нь ухаангүй байхад замаар явж байсан хүмүүс мэдэж эмнэлэгт авчирсан байжээ. Кленнер эмч угаартсан гэж үзээд 12 гр С-витаминыг 50 мл-н шприцэд хийж хамгийн бүдүүн зүүгээр судсаар нь хийсэн ба 10 минутын дараа жолооч ухаан орж эмчийн өрөөнд байгаадаа гайхсан ба 45 минутын дараа замдаа гарсан гэнэ. Тариан талбайд тоглож байхад нь дээрээс нь онгоцоор пестецид цацаж хордсон 12 настай хүүг эмнэлэгт авчирсан ба Кленнер эмч 10 гр С-витамин 8 цагийн зайтай судсаар нь хийж 3 хоногийн дараа хүү эдгэрч эмнэлгээс гарчээ.

Кленнер эмч С-витаминаар эмчлэхэд ганц л проблем байдаг, тэр бол С-витамины доз хангалттай өндөр биш бол үйлчлэхгүй гэсэн ба С-витамины өндөр тунгаас айх ямарч шаардлагагүй гэж байнга сургадаг байжээ. Эбола вирусын өвчний үед өндөр халуурч, судас хагарч дотуур цус алдаж эсвэл цус харваж нас бардаг байна. Судлаачид судалж үзээд энэ өвчний шинж тэмдэг нь С-витамины дутагдалтай яг адилхан тул С-витаминаар амжилттай эмчилж болно гэж бүгд санал нэгдсэн боловч практикт хэрэглэхийг нь хориглосон байна. Коронавирис ид хүчээ авч байгаа одоо үед С-витаминаар энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийг баталгаатай эмчилнэ гэдэгт би 100% итгэлтэй байна. С-витамины дутагдалтай хүмүүс халдварт өвчнөөр өвчилдөг гэдгийг дахин сануулая!

Бадрахын Баярсайхан