Нарны аминдэм буюу Д аминдэм нь ясыг бэхжүүлж, булчингийн өсөлтийг идэхжүүлдэг бөгөөд энэ аминдэм дутагдвал эрүүл мэнд агшин зуур дорддог. Д аминдэмийн дутагдал нь зүрх, хөх, бүдүүн гэдэсний өвчлөл, мөн түрүүн булчирхайн хорт хавдар, сэтгэл гутрал, илүүдэл жин зэрэг сөрөг үр дагаваруудад хүргэдэг.

Д аминдэмийн дутагдахад дараах шинж тэмдгүүд илэрдэг.
1.Яс болон булчинд асуудал үүсэх
Хүний биед Д аминдэм дутагдсанаар яс ургалт зогсонгошиж, ясны сийрэгжилтийн шинж тэмдгүүд илэрч, яс хэврэг болдог.

2.Сэтгэл гутрал
Сэтгэлээр унах болон сэтгэл гутрал нь Д аминдэмийн дутагдалтай салшгүй холбоотой юм. Тархинд энэхүү аминдэм нь чухал үүрэгтэй байдаг ба үүнтэй холбоотой хүний сэтгэл санаа ч мөн өөрчлөгдөж байдаг.
3.Шүд, буйлны архаг өвчлөлүүд
Амны хөндийн эрүүл мэндэд Д аминдэм хамгаас чухал ач холбогдолтой. Пародонтоз нь буйлны архаг үрэвсэл буюу буйл шамарч, шүдний уг сулрах өвчин юм. Зарим судалгаанаас үзэхэд нарын гэрлийн нөлөө уг өвчлөлийн эрсдэлийн бууруулдаг чухал нөлөөтэй байдаг.

4.Гипертони буюу цусны даралт ихсэх
Судалгаагаар цусны даралт ихсэн өвчин Д аминдэмтэй холбоотой байдаг ба Д аминдэмийн түвшин өндөр байх тусам цусны даралт бага, даралт ихсэх өвчинд өртөх нь ховор ажээ.

5.Ядаргаа ба нойрмог байдал
Д аминдэм дутагдсанаар ядаргааны архаг хам шинж илэрдэг ба байнгын нойрмог байдалтай байхад хүргэдэг байна.

6.Илүүдэл жин
Энэхүү аминдэмийн дутагдал нь мөн л таргалалтанд өртөх магадлал өндөр байдгийг судалгаагаар тогтоожээ. Та хангалттай хэмжээнд Д аминдэмийг нөхөн авч чадахгүй байгаа бол турна гэж яриад ч хэрэггүй юм. Д аминдэмийг байх ёстой хэмжээнд хэрэглэснээр турах болон жингээ тогтмол барихад тус дэм болдог.

7.Хоолны шингэц
Хоолны шингэц нь Д аминдэмийн дутагдалтай шууд хамааралтай байдаг бөгөөд уг аминдэм дутагдсан л бол хоол боловсруулах тал дээр асуудал ямагт үүсдэг.

8.Харшил
Хүний бие махбодид Д аминдэм дутагдсанаар харшилтай болох гол үндэс суурь тавигддаг төдийгүй, харшилтай хүмүүст улам даамжирдаг байна.

Витамин Д нь зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Судалгаагаар витамин Д нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлан тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүр нь болдог. Өөрөөр хэлбэл хүний биеийн бүхий л хэсэгт шаардлагатай аминдэм юм.

Их Британийн эмч нар Европын 20 оронд судалгаа хийж Д аминдэмийн дутагдал нь COVID-19-ийн халдвараар өвчлөх, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Иймд COVID-19 халдвараас сэргийлэх зорилгоор Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэхийг зөвлөсөн. Гэвч Д витамин танд яг ямар хэмжээтэй байвал зохистойг нарийн шинжлүүлэх шаардлагатай.
Хүний биед байгаа витамин Д-ийн хэмжээг 4 түвшинд хувааж үздэг. Үүнд:

Дутагдалтай < 10ng/ml
Хангалтгүй 10 – 30ng/ml
Хангалттай 30 – 100ng/ml
Хордуулах хэмжээнд > 100ng/ml
Олон улсын судалгаанаас харахад дэлхийн хүн амын 50-с илүү хувь нь Витамин Д-ийн дутагдалтай байна. Манай улс газарзүйн байрлалын хувьд нарны шууд тусгалыг авдаггүй учраас Д аминдэмийн дутагдалт орох магадлал ихтэй гэж үздэг. Д витамины дутагдлаас үүдэлтэй хамгийн аюултай эмгэг нь хүүхдийн сульдаа өвчин буюу рахит юм. Д витамины дутагдал нь рахитаас гадна 200 гаруй өвчин үүсгэх нөхцөл болдгийг сүүлийн үеийн олон судалгаа харуулж байгаа.

Тэгэхээр та бид Д витаминыг хаанаас нөхөж болох вэ?
Хамгийн энгийн арга бол байгалийн жамаар буюу нарны туяаны үйлчлэлээр арьсан дор витамин Д-г ялгаруулж нөхөх
Хоол хүнсээр. Сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх нь дэмжлэг болох боловч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.

Эдгээрээс авч чадахгүй бол нэмэлтээр гаднаас нөхөх шаардлагатай. Ингэхдээ цусан дахь Д витаминаа тодорхойлуулах шинжилгээ өгч байж урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний тунгаар уух эсэхийг эмч зөвлөх юм.
Нярай хүүхдийн амьдралын эхний саруудад зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн эх сурвалж байдаг. Хөхний сүү, нарны гэрэл болон гаднаас витамин Д уулгах зэрэг. Харин хөхний сүүнд агуулагдах витамин Д нь эхийн биед байгаа витамин Д-ээс шууд хамааралтай. Гэхдээ хөхний сүүгээр авч буй Д витамины агууламж хүүхдийн биед хангалтгүй учраас төрснөөс хойш 14 хоногийн дараагаас урьдчилан сэргийлэх тунгаар уухыг зөвлөдөг.

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ядарч, бие хөшиж өвдөх, ханиад ойр ойрхон хүрэх зэрэг нь тус тусдаа ойлголт гэхээсээ илүүтэй таны биед шаардлагатай аминдэм дутагдаж буйг илэрхийлэх шинж тэмдэг байж ч болох юм.

Д аминдэмийн шинжилгээ эмнэлгүүдэд 24.000-50.000 төгрөгийн үнэтэй хийгддэг бөгөөд шинжилгээний дүгнэлтэд үндэслэн зохистой хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Хэрэв Д витаминыг өндөр тунгаар уух шаардлагатай бол ходоодондоо сөрөг нөлөө учруулахгүйгээр хэрэглэх ёстой. Уг аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг ч мэргэжилтнүүд анхааруулж байна.
