Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг.

Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж.
Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна.

Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай.
Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдаг сан.
Зун болохоор л муу ээж минь,

– Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ.

Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.
Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.
Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа.

Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана.
Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд юүхэв.

Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар сүүний ач холбогдлын талаар та бүхэндээ хураангуйлан хүргэж байна.
Бяслагыг нь авсан шар сүү нь сүүний хүчил, фермент буюу энзимээр баялаг төдийгүй сайн чанарын уураг агуулдаг. Мөн витамин В6, В12, В2, К, С, кальци, кали, магни, фосфор, болон бусад амин хүчил агуулдаг илчлэг багтай хүнс юм.

Энэхүү шар сүүг хүмүүс эрт дээр үеэс хоолны дуршил сайжруулах болон хоол шингээх зорилгоор хэрэглэсээр иржээ. Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны ажлуудаас харахад энэхүү ундаа нь даралт ихдэх, цус харвах, зүрхний шигдээс зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна холесрины хэмжээг тэнцэрвэржүүлэх, булчингийн жинг нэмэгдүүлэх, ба ясны сийрэгжилтээс сэргийлэх болон хүний биеийн дархлааг сайжруулж, стресс багасгаж, эрч хүч нэмдэг болохыг судалсан байна.

Уг нийтлэлд цааш бичихдээ гадуур худалдаанд байдаг сүүний уургийн бэлдмэл буюу whey powder нь үйлдвэрийн аргаар гаргаж авсан нэмэлт бодис орсон байдаг тул гэрээр хийж хэрэглэх нь илүү үр дүнтэйг зөвлөжээ. Мөн хэрхэн гэрийн нөхцөлд шар сүү хийх талаар жор оруулсан байна. Энэхүү жорыг Монголын уншигчид та нартаа хүргэе.
Мэдээж монгол хүн бүхэн шар сүүгээ гаргаж хэрэглэж мэддэг нь ойлгомжтой ч гадаад хүмүүс хэрхэн шар сүү гаргаж авдаг болох нь сонин байж болох юм.

Нэг литр цэвэр сүүг хөөрүүлээд халуун байхад нь дээрээс нь бүтэн лимоноос шахсан шүүсээ хийнэ. Сайн хутгаад хэсэг хугацаанд амраана. Ингэхэд сүүний өнгө хувирч шаргал ногоовтор туяатай шингэн болж бидний хэлдэгээр ээдэм нь ялгарна. Шүүлтүүрээр шингэнээ шүүж шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалж хэрэглэнэ.
Өдөрт 500 граммаас нэг литр шар сүү уухдаа хэрэв та өөрөө хүсвэл сүүний хатаасан нунтаг хуурай уураг буюу whey powder нэг хоолны халбагыг нэмж ууж болно. Энэхүү ундааг тогтмол хэрэглэснээр та элэгээ цэвэрлэж элэг өөхлөлтөөс өөрийгээ хамгаалах болно гэж зөвлөжээ. Монголчууд бид цөс хөөх гэж шар сүүг өглөөд өлөн элгэн дээрээ 1 л хүртэлх бүлээнээр ууж туулгадаг.

Зарим хүмүүс улирал тутам элэг цөсөө ийнхүү цэвэрлэх бөгөөд тийм хүмүүсийн царайны өнгө хүртэл тунгалаг сайхан байдгийг бид мэддэг билээ.
АЧ ХОЛБОГДОЛ:
Шар сүүний уураг нь хүний өвчин эсэргүүцэх чадлыг сэргээж батжуулдаг. Иймээс эмгэг хуучтай болон бага насны хүүхдэд зөөлөн амттай ээдмийн шар сүүг уулгадаг.

Шар сүүг байнга уувал хавдрыг сэргийлэн, таван цулыг шимжүүлж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг нэмэгдүүлнэ. Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж болон ахуйдаа хэрэглэх боломжтой болсон.
Ялангуяа ээдмийн шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэгт сайн нөлөөтэй. Мөн шар сүүг цөс угаахад өргөнөөр хэрэглэдэг.

БАЙГААГАА ЗӨВӨӨР ХЭРЭГЛЭЖ СУРЦГААЯ.
Шар сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, цус төлжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг, дархлаа сэргээдэг зэрэг цөөнгүй ач тустайг нь иргэдийн олонх нь мэдэх байх. Тодруулбал, шар сүүнд агуулагдах нийт уургийн 90-ээс дээш хувийг шингэц сайтай, биологийн өндөр идэвхтэй альбумин, глобулин уураг эзэлдэг байна. Альбумин, глобулин нь хүн амьтны эд эрхтэнд нэлээд хэмжээгээр агуулагддаг.

Ялангуяа, цусны плазм, сүү, өндөг, булчинд харьцангуй их агуулагддаг гэнэ. Цусанд альбумин, глобулины харьцаа тогтмол байх ба өвчлөлийн үед өөрчлөгддөгийг нь оношилгоонд ашигладаг.
- Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ
Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд газтай ундаа маш их хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо ч эрс нэмэгдэж байна. Тиймээс газтай ундаа хэрэглэхээс татгалзаж кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.

- Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ
Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
- Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ

Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, жаргалтай байх болно.
- Шар сүүний уураг нь булчингын массыг дэмжинэ
Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхитэй хийдэг фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба биеийн арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.

- Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна
Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.
