Мэдээ

7 буудлын шар охин Хийлч Дээгий болсон түүх

Хөгжмийн урлагт өөрийн орон зайгаа бий болгосон бүсгүй хийлч Дээгий билээ. Хийлч хөгжмөөрөө овоглож явдаг бүсгүй хээгүй эрх дураараа нэгэн. Тиймдээ ч бусдаас онцлог өөрийн орон зайтай байдаг биз.


Түүний Хийлч болсон түүх их л сонин. 7 буудлын 7 настай шар охин байхдаа сургуульд оролгүй нэг жил өнжиж, цэцэрлэгтээ үлдэж орхилоо.


Гэтэл азаар ч юм шиг, хувь төөргөөр ч юм шиг хөгжим бүжгийн багш нар цэцэрлэг дээр минь ирж сонгон шалгаруулалт хийж таарч урлагийн салбарын үүд хаалгыг урд минь нээж өгөх нь тэр.


Өөрийгөө хөгжимчин болно гэж бодоогүй би эхний шатандаа тэнцчихээд төгөлдөр хуур сурах уу, хийл хөгжим сурах уу гэдэг сонголтын өмнө ирсэн хэрэг л дээ.


Тухайн үед төгөлдөр хуур сурахын тулд заавал гэртээ төгөлдөр хууртай байх ёстой журамтай байсан учир цаанаас нь элссэн хүүхэд бүрд хуваарилж өгдгөөр нь хийл хөгжим сурахаас өөр аргагүй байдалд оров.
Ингээд л санамсаргүй гэмээр тохиолдлоор миний амьдралын хамгийн онцгой учралуудын нэг болох хийл хөгжимтэй танилцсан түүх минь эхэлж, бартаа саад, баяр хөөр дүүрэн он жилүүд үргэлжилсэн юм.
Одоо бодоход хийл хөгжим бид хоёр нэг нэгнээ сонгосон нь дэндүү “азтай” гэмээр учрал байжээ.
Багадаа их даруухан хүүхэд байсан болохоор чимээгүй бэлтгэлээ хийгээд л, сургуульдаа яваад л өдөр хоногийг өнгөрөөдөг байснаа сайн санадаг.
Хөгжим сурна гэдэг өөрөө маш олон жилийн хөдөлмөр байдаг, нэг ая алдаа мадаггүй тоглож сурахын тулд олон жил тасралтгүй бэлтгэл хийсэн байх шаардлагатай.
Хэдий энэ мэтчилэн хүнд хэцүү үеүд зөндөө байсан ч миний хувьд 16 насандаа анх удаа хөгжимчин хүний сэтгэлийн баясал, анхны хайртайгаа учирч буй мэт их догдлолыг хийл хөгжмөөсөө авсан юм.
Тэр үеэс эхлүүлэн хөгжимчин хүний амьдралаар амьдарч, бүтэн өдөржин бэлтгэл хийхдээ ч баяр хөөртэй байх болсон доо. Хийл хөгжим л намайг чиглүүлж, өөрчилж, өөрийгөө олж нээхэд минь хамгийн том хөшүүрэг болсон гэж бодогддог. Энгийн нэг 7 буудлын охиноос Хийлч Дээгий болсон түүх минь ингэж л эхэлсэн хэрэг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү